COP28: 20 гаруй орон цөмийн эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхийг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-12-02 23:43:10

ДУБАЙ, 2023 оны арванхоёрдугаар сарын 2 /TASS/. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын талуудын 28 дугаар бага хуралд (COP28) оролцож буй 20 гаруй орны удирдагчид нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахын тулд 2050 он гэхэд дэлхийн цөмийн эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхийг уриалсан тунхаглалыг баталлаа.


“Triple Nuclear Energy” гэдэг нэртэй уг баримт бичигт, тунхаглалыг баталсан улс орнууд 2050 он гэхэд цөмийн эрчим хүчний хүчин чадлыг 2020 оныхтой харьцуулахад гурав дахин нэмэгдүүлэх зорилтод хүрэхийн тулд хамтран ажиллах болно хэмээн дурдсан байна. Түүнчлэн "цөмийн цахилгаан станцын ажиллагааг аюулгүй байдлын хамгийн дээд стандартад нийцүүлэн хангах, түлшний хаягдлыг урт хугацаанд аюулгүй хадгалах арга хэмжээг үндэсний хэмжээнд авахаа амлажээ. 


Энэхүү баримт бичигт Их Британи, Унгар, Канад, Нидерланд, АНЭУ, Польш, АНУ, Украин, Финланд, Франц, Швед, Өмнөд Солонгос, Япон зэрэг 22 улсын удирдагчид гарын үсэг зуржээ. Орос, Хятадын төлөөлөгчид тунхагт гарын үсэг зураагүй байна.


Уг тунхаглалыг Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон, АНУ-ын Ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элч Жон Керри нар танилцуулсан байна. Энэ нь "Дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих Парисын хэлэлцээрийн зорилгод хүрэхэд цөмийн эрчим хүчний гүйцэтгэх үүргийг онцлон харуулах зорилготой" гэж Шведийн засгийн газрын хэрэг эрхлэх газар мэдэгджээ.

Холбоотой мэдээ