Далай тэнгис дэх хуванцар хаягдлыг хиймэл оюун ухаан ашиглан илрүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-12-01 16:56:00

ЖЕНЕВ, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /Anadolu/. Швейцарын технологийн хүрээлэн, Нидерландын их сургуулийн хамтран бүтээсэн хиймэл оюун ухаан хиймэл дагуулын зургийг ашиглан далай тэнгис дэх хуванцрыг илрүүлж байна. 


Лозанн дахь Швейцарын технологийн хүрээлэн болон Нидерландын Wageningen их сургуулийн мэргэжилтнүүдийн хамтран бүтээсэн шинэ технологи нь усан онгоц ашиглан далай тэнгисээс хуванцар хог хаягдлыг системтэйгээр зайлуулахад тусална гэж Нидерландын их сургуулиас пүрэв гарагт мэдэгджээ.


Шинэ хиймэл оюун нь хог хаягдал байх магадлалыг хиймэл дагуулаас авсан зургуудын пиксель бүрд тооцоолдог гэж уг мэдэгдэлд дурджээ. Хэдийгээр Европын Сансар судлалын агентлагийн Sentinel-2 хиймэл дагуулын зургууд дээр далайд хуримтлагдсан хог хаягдал харагдаж байгаа боловч олон терабайт мэдээллийг агуулдаг тул дүн шинжилгээ хийхэд хиймэл оюун ухааны тусламж хэрэгтэй байгааг мөн онцолсон байна.


Хиймэл оюун ухааныг бүтээгчдийн үзэж байгаагаар, шинэ технологи өмнөх загваруудтайгаа харьцуулахад холбогдох даалгаврыг илүү амжилттай гүйцэтгэж байгаа гэнэ. Үүний нэг шалтгаан нь үүл, манантай агаар мандлын хүнд нөхцөлд ч хуванцрыг илрүүлж чаддагт оршиж байна. Борооны дараа хуванцар задгай усанд угаагддаг тул энэ нь чухал юм.


Дэлхийн байгаль хамгаалах сангийн /WWF/ тооцоогоор, 2020 оноос хойш жил бүр 4.8-12.7 сая тонн хуванцар далай тэнгист хаягдах болжээ. Хуванцар хог хаягдлын багахан хэсэг нь гадаргуу дээр хөвж байдаг бол үлдсэн хэсэг нь далайн гүн рүү, цаашлаад ёроол руу орсноор гаргаж авах бараг боломжгүй болдог байна. Далай тэнгист 80 орчим сая тонн хуванцар хаягдал хуримтлагдсан гэсэн WWF-ийн тооцоо бий.

Холбоотой мэдээ