ХБНГУ-тай байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-11-15 11:06:18

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Хэльмут Кулитц, Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Идо Вебэр нарыг хүлээн авч уулзлаа.


БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, хоёр орон ой, биологийн олон янз байдал, тусгай хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон жилийн хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Мөн "Уур амьсгалын ногоон сан", "Даян дэлхийн байгаль орчны сан", "Дасан зохицох сан" зэрэг олон талт хамтын ажиллагаагаар дамжуулан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсний дотор Монгол орны цэвдгийн асуудалд анхаарч, судалгаа, хамгааллын ажлуудад дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлэв.


Элчин Сайд Хэльмут Кулитц, олон улсын санхүүжилтийн байгууллагууд байгальд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй уриалга дэвшүүлж буйг онцолж, “Байгаль хамгааллын хөрөнгө оруулалтыг нэмэх боломжтой. Удахгүй болох COP28 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Талуудын 28 дугаар хуралд хоёр орны үзэл санааг нэгтгэх, адил төстэй арга хэмжээг хамтатгах хүсэлт тавив.


БОАЖЯ энэ онд багтаан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлаар үйл ажиллагааны төлөвлөгөөг эцэслэхээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хөдөө аж ахуй, бэлчээр, газар ашиглалт, ус, ой, цөлжилт газрын доройтлоос сэргийлэх, хөрс ургамал хамгаалах зэрэг ажлыг дурдаж болох юм. Иймд COP28 хурлын өмнө хоёр талын мэргэжилтнүүдийг оролцуулан дахин уулзаж, саналаа нэгтгэе гэдэгт хоёр тал харилцан тохиролцжээ. 


Сайд Б.Бат-Эрдэнэ, энэ жил Европоос ирж буй жуулчдын ихэнхийг Франц Улсын аялагчид эзэлж байгааг дурдаад, ХБНГУ-ын жуулчдын урсгалыг нэмэхэд идэвхтэй ажиллахыг хүслээ. Монгол Улсын төлөөлөгчид олон жил ITB Берлин, СМТ олон улсын экспод хамтран зохион байгуулагчаар оролцож байсан туршлагад тулгуурлан аялал жуулчлалын салбарыг сурталчлах “Монголд зочлох жил” үйл ажиллагааг дэмжихийг хүссэнийг БОАЖЯ мэдээллээ.

 

Холбоотой мэдээ