Дэлхийн банкны санхүүжилтээр 311 км автозам, 8 байршилд төмөрбетон гүүрэнд их засвар хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Дэлхийн банкны зүүн ази, номхон далайн тээврийн асуудал хариуцсан захирал Бенедикт Еижбергентэй уулзаж, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх авто замын төсөл хөтөлбөрүүдийн ажлыг эрчимжүүлэхээр тохирчээ.
Тэрбээр ярихдаа “Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг УИХ-ын 2023 оны намрын чуулганаар хэлэлцэн батлуулна. Төслийн хүрээнд Хэнтий, Дундговь, Өмнөговь, Төв, Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Булган зэрэг аймгийн эвдрэл ихтэй 311 км замд, найман байршилд төмөрбетон гүүрийн ээлжит болон их засвар хийнэ. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Нутгийн зам төсөл”-ийн зорилтот найман аймгийн холбогдох сумдаас Дэлхийн банкны аргачлалын дагуу шалгуур үзүүлэлтүүдийн үр дүнгээр сонгож, Архангай аймгийн Булган сумыг холбох 35 км авто зам, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум хүртэлх 16 км хатуу хучилттай авто замыг шинээр барихаар төлөвлөсөн. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай замын Цагаанхоолой гэдэг газрын 50 км буюу “Тамын 50” гэж нэрлэгддэг авто замд их засвар хийж, замын барилгын ажлыг хангалтгүй хийсэн компанид эрүүгийн хариуцлага тооцуулна” гэв.
Цаашид чанаргүй, гүйцэтгэл муу авто зам барьсан аж ахуй нэгжүүдэд хатуу хариуцлага тооцож, авто замын их болон ээлжит засварт онцгойлон анхаарах гэнэ.
Түүнчлэн Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нүдээ олсон, ач холбогдол өндөртэй байдгийг дурдан, хуурай боомт байгуулахад хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ.
Мөн нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг
бууруулахаар Туулын авто зам, гүүрийн төслийг хэрэгжүүлэхээ онцоллоо.