Таван хошуу малын төвлөрсөн арилжааг зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын махны холбоо, Төв аймгийн Аргалант сумын ЗДТГ дэмжлэгээр “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК энэ сарын 10-нд амьд малын төвлөрсөн арилжаа зохион байгуулна.
Эмээлт төвөөс 10 км-т байрлах “Ложистикийн төв”-д зохион байгуулагдах тус арилжаанд бүх төрлийн мал арилжих боломжтой. Тус арилжаанд дундын зуучлалгүйгээр оролцсоноор үйлдвэр, аж ахуй нэгжүүдэд гарал үүсэл тодорхой, эрүүл ахуйн стандартыг хангасан малыг худалдан авах, цуглуулалт, тээврийн зардал хэмнэх давуу тал бий болно. Харин малчинд чанарт суурилсан зах зээлийн бодит үнээр малаа зарах, төлбөр тооцоог эрсдэлгүй түргэн шуурхай гүйцэтгэн, нийлүүлэх, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах боломж нээгдэнэ. Оролцогч талуудад тогтвортой харилцаа бий болгон, урт хугацааны хамтран ажиллах, малчин, хоршоо, үйлдвэр хоорондын биржийн худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжтой. Арилжаанд оролцох малчид орон нутгаас мал эмнэлгийн гарал үүслийн бичигтэй ирэхээс гадна зарах малдаа мал эмнэлгийн хяналт хийлгэсний үндсэн дээр арилжаанд оролцуулна.
Мөн Хөдөө аж ахуйн бирж малчид, хоршоодын арилжаанд оролцох
оролцоог нэмэх үүднээс багийн Засаг
даргын тодорхойлолтын дагуу тээврийн зардлын тодорхой хөнгөлөлт авах юм. Одоогоор гурван аймгийн 7 сумаас 700 гаруй толгой
малыг бүртгэн, 10 гаруй
үйлдвэр, аж ахуй нэгж байгууллага арилжаанд оролцохоо мэдэгдээд байна.
Амьд малын
төвлөрсөн арилжааны үеэр малчдын хүсэлтээр малын тэжээлийн худалдаа зохион
байгуулах аж.