СЭЛЭНГЭ: Ерөөгийн халуун рашаан нь элэг, цөс, ходоодны эмчилгээнд нэн тохиромжтой

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2023-11-01 17:54:37

Сүхбаатар, 2023 оны арван нэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн түүх соёлын үл хөдлөх өв, дурсгалт газрын нэг бол Ерөөгийн “Халуун рашаан” юм. Энэхүү рашаан нь элэг, цөс, ходоодны эмчилгээнд нэн тохиромжтойгоороо гайхалтай юм.

 

Энэхүү рашаан нь Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ сумдын нутгийн заагт, Ерөө голын эхний цутгал болох давчуу битүү ойгоор урсах “Ар илчлэх”-ийн голын дунд хэсэгт оршдог байна.

Тус рашаан нь 1150 метрийн өндөрт орших карбонат натрийн төрлийнх ба усны халуун нь дунджаар 35-45 хэмийн хооронд хэлбэлздэг бөгөөд Онон, Естийн халуун рашааны нэгэн төрөл рашаан аж.

 

Ерөөгийн халуун рашаан гурван хэсгээс бүрддэг. Тодруулбал хамгийн бага хэмтэй нь шаварлаг бөгөөд 40 хүрэхгүй хэмтэй. Дараагийн хэсэг нь чулуун суурь бүхий дөрвөн хүн хэвтээгээр багтах хэмжээтэй, өмнөхөөс илүү хэмтэй ажээ.

 

Харин хамгийн халуун буюу гурав дахь хэсэг нь 42 орчим хэмтэй бөгөөд хоорондоо хэдхэн алхмын зайтай байрладаг юм.

Энэхүү Ерөөгийн халуун рашаанд Улаанбаатараас очих бол Монгол Улсын хамгийн том сум Сэлэнгэ аймгийн Мандал /Зүүнхараа/ хүртэл 190 км.

 

Зүүнхараагаас Хонин нуга - /өвөл гол хөлдсөн үед голоор явах/ эсвэл Уртын даваа, Хатангийн даваа – Ерөө гол, Шарлангийн голын гарам, Шарлангийн гол, Арижлахийн голоор 50 км явж рашаанд хүрдэг байна.

 

Ерөөгийн Халуун рашаан нь элэг, цөс, ходоодны эмчилгээнд нэн тохиромжтой ажээ. 

Холбоотой мэдээ