ХӨВСГӨЛ: Нийт хүүхдийн 40 хувьд нь хамгаалал шаардлагатай гэсэн судалгаа гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-10-26 14:35:00

Мөрөн, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт хүүхдийг ахуйн осол гэмтэл, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны эрсдэлийг бууруулах зорилготой  “Хамтдаа шалгая, хамгаалъя” аяныг өрнүүлж эхэллээ.


Аяныг өнөөдрөөс сарын хугацаанд эцэг эх, асран хамгаалагч, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулж, хүүхдийн эрүүл орчинд амьдрах эрхийг хангахыг зорьж байна.


Тус аймагт 18 хүртэлх насны 50227 хүүхэд амьдарч байгаа бөгөөд 40 хувьд нь хамгаалал шаардлагатай гэсэн судалгаа  гарчээ.


Он гарснаар Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт 432 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Нийт гэмт хэргийн 6 хувь нь хүүхэд оролцсон гэмт хэрэг байна.


Энэ оны эхний 8 сарын байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн хэрэг 24 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 66.7 хувиар өссөн, хүүхэд хохирсон гэмт хэрэг 41 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 18.6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа ажээ.


Аяны хүрээнд аргачлал, зөвлөмжийг хүлээн авч, төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, эцэг, эх, иргэн бүр идэвхтэй, санаачилгатай, бүтээлч оролцож хамтран ажиллахыг Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас уриалж байна.

 

Холбоотой мэдээ