СҮХБААТАР: Энэ жил 13 га талбайд малын ногоон тэжээл тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-10-26 10:15:12

Баруун-Урт, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Баруун-Урт суманд өнгөрсөн онд ХАА-н агро парк байгуулсан. Тус паркт энэ жил 13 га талбайд малын ногоон тэжээл тарьжээ. Эндээс 2000 орчим боодол ногоон тэжээл авахаар төлөвлөсөн бөгөөд орон нутгийнхаа малчдад хөнгөлөлттэй үнээр өгөх аж.

Өнгөрсөн жил долоон га талабйд ногоон тэжээл тарьж, 200 орчим боодлыг авчээ. Уг нь 1000 боодол гэж төлөвлөсөн ч хураах хугацаа хэтэрч, ихэнх нь хатаж унажээ. Харин энэ жилээс туршлагажиж яг төлөвлөснөө авна. Ирэх жилээс талбайн усалгааны асуудлыг шийдчих юм бол жилд хоёр удаа буюу бага зардлаар их ургац авах боломжтой гэдгийг сумын удирдлагууд хэлж байна.

Агро паркт мөн хүнсний ногоо тарих сонирхолтой иргэдэд зориулсан талбай, сумын өвс тэжээлийн агуулах, Нархан зуны хүүхдийн сувилал байрладаг. Газар тариалангийн ажил эрхлэхэд шаардлагатай техник хэрэгслээр хангагджээ.

 

Уг агро паркийг Баруун-Урт сум өөрсдийн хөрөнгөөр байгуулсан бол Өвс тэжээлийн агуулахыг олон улсын төслийн 180 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр орон нутгийн компани гүйцэтгэжээ. Цаашид үүнийг бие даасан цогцолбор болгон хөгжүүлэхээр зорьж байна.

 

Холбоотой мэдээ