Арктикт хэрэгжүүлэх АНУ-ын үндэсний стратегийн төлөвлөгөөг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-25 14:46:30

ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 25 /VoA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Арктикийн бүсэд хэрэгжүүлэх үндэсний стратегийн төлөвлөгөөгөө (NSAR) нийтэлжээ. Уг төлөвлөгөөнд Арктикийн талаар ойрын арван жилд баримтлах бодлогыг тодорхойлсон байна.


Энэхүү стратегийг Цагаан ордон 2022 оны аравдугаар сард баталсан юм. Үүний өмнөх хувилбарыг Барак Обамагийн засаг захиргаа 2013 онд баталж байжээ.


Шинэ баримт бичигт тэмдэглэснээр, АНУ нь “хойшдын цэрэгжилт эсвэл санаатай хийгээгүй мөргөлдөөнүүд, түүний дотор Орос, Хятадтай геополитикийн хурцадмал байдлаас үүдэн гарах эрсдэлийг зохицуулахын тулд Арктикийн холбоотнууд, түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Энэ нь үндэсний аюулгүй байдал төдийгүй Аляска муж улсын иргэдийн аюулгүй байдал, сайн сайхан байдлыг  бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна”.


Арктик дахь АНУ-ын аюулгүй байдлын ашиг сонирхолд "үндэсний батлан ​​хамгаалах, дотоодын аюулгүй байдал, эрсдэлгүй арилжаа ба шинжлэх ухааны үйл ажиллагаа зэрэг олон асуудлыг багтаасан" гэж төлөвлөгөөний оршил хэсэгт тэмдэглэжээ.


"Гэсэн хэдий ч Арктикийн орчин нь тусгай технологи, байгууламж, дэд бүтэц, сургалт, төлөвлөлт шаарддаг бүс нутгийн онцлог сорилтуудыг бий болгодог" гэж баримт бичигт дурдсан байна.


АНУ нь мөн "агаарын орон зай болон далайд учирч болзошгүй аюул заналыг илрүүлэх, хянах зорилгоор Арктик дахь өөрийн хариуцсан бүсийн хяналтын системийг шинэчлэх, мөн далайн мөс, хөлөг онгоцны хөдөлгөөн, цаг агаарын өөрчлөлтийн мэдрэгч ба тандалтын чадавхыг сайжруулахад хөрөнгө оруулахаар төлөвлөж байна".


АНУ-ын эрх баригчид Канад улстай хамтран Хойд Америкийн агаар-сансрын батлан хамгаалах командлалыг (NORAD) шинэчлэхээр төлөвлөжээ.


Уг баримт бичигт Арктикийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах Цагаан ордны амбицтай төлөвлөгөөг жагсааж, уур амьсгалын хямралын асуудлыг анхаарч, байгаль орчныг хамгаалахын зэрэгцээ бүс нутгийн оршин суугчдын эдийн засгийн байдлыг сайжруулахын тулд Арктикийн тогтвортой хөгжилд шинэ хөрөнгө оруулах удирдамжийг мөн багтаасан байна. 


Шинэ стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд (NSARIP) "үндэсний стратегийн харилцан уялдаа бүхий үндсэн дөрвөн бүлгийн 30 гаруй зорилго, 200 гаруй  үйл ажиллагаа"-г хариуцах яам, агентлагууд болон хэрэгжүүлэх хугацаа, үнэлэх шалгуурын хамт нарийвчлан тусгажээ.

Холбоотой мэдээ