Д.Энхтуяа: Монгол ноолуур бол байгалийн гайхамшигт бүтээл

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-10-18 14:48:52

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/.Монголын ноос ноолуурын салбар Олон улсын магадлан итгэмжлэлийн эрхтэй сорилтын лабориоториудтай болоход, сургалтын орчныг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол академич Д.Энхтуяа юм.  

- ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭН -

Эрдэм бол тухайн хүний аливааг зүй ёсоор, ухамсартайгаар үйлдэх чадвар гэдэг. Эрдмийг сурсан цагт мэдлэг олж авбал сайн сайханд хүрэхэд хялбар хэмээх. Нэг ёсондоо эрдэм ухаанаараа мэдлэг чадварыг өлгийдөн авч өөртөө шингээх, тийн өөрт шингээн боловсруулснаа хүмүүний тусын тулд гарган дэлгэрүүлж чадсан хүн сая эрдэмтэй хүмүүн болох аж. Өсөхөөс сурсан хүмүүжил суртахууныг мэдлэгээр өнгөлж, туршлагаар ирлэн амьдрахын утга төгөлдөр билээ...


Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас салбар салбарын эмэгтэй эрдэмтдийг онцгойлон урьж ярилцах “Эмэгтэй эрдэмтэн” хэмээх нэгэн хүндтэй булан нээж байна. Энэ хүрээнд Монгол Улсын стратегийн үндсэн түүхий эд болох ямааны ноолуурыг ширхэг бүрээр нь судалсан, монгол ямааны ноолуур Азийн сонгодог ноолуур болохыг тогтоосон нэгэн эрдэмтэн эмэгтэйтэй уулзаж ярилцлаа. Түүнийг хүмүүс “Нэхмэлийн Энхтуяа” гэдэг нэрээр таних нь олонтаа.  Тэрбээр монгол ямааны ноолуурыг “Монголын хаан ширхэгт” тэмдэгт бүтээгдэхүүн хэмээх стандартыг бий болгосноос гадна, хонины ноос, сарлагийн хөөвөр, адууны дэл, сүүлний бүтэц, шинж чанарыг судалж, боловсруулах технологийг тус бүрд нь тогтоосон, ноос, ноолуур боловсруулах технологийн чиглэлийн тэргүүлэх эрдэмтэн хүн. Тухайлбал, хонины ноосноос ноолуурыг ялгах технологийг боловсруулж “Монгол хонины ноосны ноолуур” гэдэг шинэ нэрийн бүтээгдэхүүн бий болгож стандартаар баталгаажуулсан. 


Ямааны ноолуураас хялгасыг ялгах аэродинамикийн арга, ээрмэл үйлдвэрлэх технологи, тооцоолох аргачлалыг боловсруулсан зэрэг нь онолын болон практикийн ач холбогдолтой шинэ мэдлэг болдог. Түүний нэхмэлийн үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлсэн инновацын бүтээл, шинэ технологиуд нь манай экспортын чухал бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд өөрийн үүргээ гүйцэтгэж байдаг юм. Монголын ноос ноолуурын салбар Олон улсын магадлан итгэмжлэлийн эрхтэй сорилтын лабориоториудтай болоход, сургалтын орчныг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол академич Д.Энхтуяа юм. Тэрбээр 1981 оноос хойш МУИС-ийн ПДС, ТИС, ШУТИС-д тасралтгүй багшаар ажиллаж байна. 2000-2014 онд ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэнгийн захирал, Нэхмэлийн үйлдвэрийн  тэнхим болон Нэхмэл судлалын салбарын эрхлэгчээр ажилласан. 2015 оноос Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи, дизайн технологи профессорын багийн профессор, 2016 оноос ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн “Shima Seiki training center” сургалт, судалгааны төвийн захирлаар ажиллаж байна.

 

Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, академич Доржийн Энхтуяатай ярилцсанаа уншигч Танаа хүргэе.


-Та аль нутгийн хүн бэ?

-Миний төрсөн өссөн газар бол Булган аймгийн Орхон сум. Бага сургуулиа сумандаа, дунд сургуулиа аймгийн төвд дүүргэсэн. Би жирийн л нэг малчин айлын хүүхэд.


-Нэхмэлийн үйлдвэрийн инженерийн мэргэжлийг яагаад сонгох болсон юм бол?

-Би эмч болно гэж мөрөөдөж, хүсдэг хүүхэд байлаа. Гэтэл арван жилийн сургуулиа төгсөөд их дээд сургуулийн хуваарь сонгохдоо л энэ мөрөөдлөөсөө тэс өөр мэргэжил сонгочихсон юм. Манай хичээлийн эрхлэгч Бадрах гэдэг хүн байдаг байлаа. Тэр хүн яг хувиараа сонгох гээд зогсож байхад минь “За, Энхтуяа гадаадын хуваарь авна биз дээ” гэхэд нь яагаад ч юм “Тийм ээ” гэчихэж билээ. Хүний хувь заяа гэж мөн сонин юм шүү. Яг тэр мөчид л мөрөөдлийн мэргэжлээсээ өөр мэргэжил сонгочихсон. Ингээд л хуучнаар ЗХУ-д Ташкентын Нэхмэл ба Хөнгөн үйлдвэрийн дээд сургуульд нэхмэлийн үйлдвэрийн технологич, инженерээр суралцахаар болсон юм. Тэгээд 1975 оноос хойш, нэхмэл, ноос, ноолуур гэдэг юмтай өнөөдрийг хүртэл холбоотой амьдарч, ажиллаж байна даа.


-Гадаадын сургуульд сурах гэдэг нь л гэнэт сэтгэл татчихсан юм болов уу. Гэрийнхэн тань юу гэж байв?

-Тухайн үед аав ээж, ах дүүс маань “Эмч болно гэж байсан хүн яагаад гэнэт ийм замыг сонгочихов оо” гэж гайхаж асууж л байсан. Бидний үед Улаанбаатарт ирж гадаадад суралцахад тэнцэх эсэх шалгалт өгдөг байсан. Би Булганаас аавтайгаа хотод ирсэн юм. Математик, орос хэл, физикийн шалгалтын аль нэгэнд нь уначихвал дотоодын ямар нэг сургуульд орох журамтай байв. Би эхний хоёр шалгалтаа амжилттай өгчихөөд гурав дахь шалгалтаа өгөх өглөө аав намайг гадаа дуудлаа. Нэг л юм аминчлан хэлэх гээд байгаа бололтой. Гэтэл “Миний охин энэ шалгалтандаа уначих. Тэгээд дотооддоо эмчийнхээ сургуульд орчих” гэж билээ. Охиноо хол газар явуулахгүй юмсан л гэж бодоод байж. Одоо эвий муу аавыгаа бодохоор л тэгж хэлээд зогсож байсан нь нүдэнд харагдаад өөрийн эрхгүй нулимс гардаг юм. Холын хүн болчихвий л гэж санаа зовж байсан байх. Тэр үед гадагш явдаг хүн цөөн ч байсан даа...


-Сурлага сайтай хүүхэд байсан байх нь?

-Би онц сурч байсан, хүмүүжил суртахуунтай байсан маань аав ээжийн минь намайг хүн болгож өсгөсөн ухаантай их холбоотой гэж боддог юм. Манайх гүү барьдаг айл байсан. Би тавдугаар ангиасаа л гүү сааж сурсан юм. Хэрэв би айргаа сайн бүлэх юм бол сайн айрагтай байна гэсэн үг. Манай айраг сайн байх юм бол сайн зарагдана гэдгийг хар багад минь ойлгуулчихсан байсан. Тэндээс л

би хариуцлага гээч юмыг сурсан байх. Мөн багш нар биднийг их сайн сургаж байжээ. Ер нь манай Булганы 10 жилийн сургалт маш сайн байсан. Магад тиймдээ ч Ташкентад онц сурсаар байгаад л төгссөн дөө. Орос хэлээ л сайн сурчихвал физик, математик, химийн хичээлд торох юмгүй, толгой өвдөхөөргүй байсан. Тэр нь миний давуу тал байж, онц сурахад түлхэц болсон.


Сүхбаатарын цалинтай. 90 рублийн цалин хөдөөний хүүхдэд маш их хэрэг болно шүү дээ. Сүхбаатарын цалинтай, онц сурдаг оюутан гэдэг шалгуураар би Эвлэлийн XVII их хуралд Ташкентын оюутнуудаа төлөөлж ирж оролцож байлаа. Тэр үед хот, улс бүрээс төлөөлөгч оюутнууд ирж байсан. Хожим нь Ерөнхийлөгч болсон Н.Багабанди л гэхэд Одессоос ирж байв.


-Тэр үед Оросод маш олон монгол оюутан суралцаж байсан. Манайд ч хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого хүчтэй явагдаж байсан үе.

-70,80-аад оны үед Эрдэнэтийн хивсний үйлдвэр, “Говь” компани, Үйлдвэр комбинат гээд бүх үйлдвэр ашиглалтад орно гэж байсан болохоор төлөвлөгөөтэйгөөр гутал, оёдол,  хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр маш олон оюутан хойно сургаж байсан. Төлөвлөгөөт эдийн засгийн үед би Эрдэнэтэд байгуулагдах хивсний үйлдвэрийн боловсон хүчнийг бэлтгэх бодлогын дагуу суралцаж бэлтгэгдсэн инженер гэсэн үг л дээ.


-Нэг ёсондоо та Монголдоо шинээр баригдах үйлдвэрүүдэд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор бэлтгэгдсэн багш байх нь ээ?

-Тийм. Манай улс Монгол нэхмэл гэх мэт үйлдвэрүүдийн анхны мэргэжилтнүүдийг 1960-аад онд Хятадад бэлдэж байсан байдаг. Дараа нь Оросод гэх мэтээр дандаа гадаадад бэлддэг байсан. Ингээд үйлдвэржилт эрчимтэй хөгжөөд ирэхээр дотооддоо боловсон хүчнээ бэлтгэх зайлшгүй шаардлагатай болж ирсэн байна л даа. Энэ л бодлогоор би энэ салбарын хүн болсон түүхтэй.


Намайг төгсөөд ирэхэд МУИС-д хөнгөн үйлдвэрийн инженерийн анги нээгдсэн байсан. Тэр анги нь гуравдугаар курс хүртлээ мэргэжлийн багшгүй явж ирсэн учраас би ирэнгүүтээ л шууд тэнд багшилж эхэлсэн байдаг юм. 1981 он. Онц сурсан зэргийг харгалзсан юм уу ямар ч байсан туслах, дадлагажигч багш биш шууд л багш болсон. Ингэж би нэхмэлийн үйлдвэрийн технологич, инженерийг дотооддоо бэлтгэж эхэлсэн анхны багш нь болсон юм. Тэгээд ахлах багш, Тэнхимийн эрхлэгч, салбарын эрхлэгч, Нэхмэлийн хүрээлэнгийн захирал зэрэг ажлыг хийж ШУТИС-иасаа ер холдолгүй өдий хүрлээ дээ.


-Энэ мэргэжлийг дотооддоо бэлтгэж эхэлсэн анхны багш гэхээр сургалтын орчин, материаллаг бааз зэргийг та өөрөө л бүрдүүлж эхэлсэн болж таарах нь ээ?

-Хэдэн орос сурах бичгээс өөр ямар ч материаллаг бааз байхгүй л ажлын гараагаа эхлүүлж байлаа. Намайг багшаар ирэхэд, “За, номын санд хэдэн ном бий. Чи өөрөө сая төгсөж ирсэн хүн, номтойгоо ирсэн байх. Юу сурснаа заа” гэсэн дээ. Сүлжмэлийн нэг, хоёрдугаар үйлдвэр, Ээрмэлийн үйлдвэр, Улаанбаатар хивс гээд шинэ шинэ үйлдвэрүүд байгуулагдчихсан үйлдвэрлэлийн ид хөгжлийн үе байсан болохоор оюутнууд дадлагын ажлаа хийх хангалттай орчин байсан гэсэн үг. Ингээд миний дараа дараачийн шавь нар багш болцгоож дараа үеэ бэлдэх маягаар явсаар одоо би багшийн багшийн багш болжээ.


-Багшийн багшийн багш болсон хүнээс олон шавьтай юу гэж асуултгүй биз ээ?

-Өнөөдөр би яг энэ нэхмэлийн технологийн чиглэлээр мянга гаруй мэргэжилтэн инженер бэлджээ. Нэхмэлийн технологи гэдэг мэргэжил бол нэлээн нарийн мэргэжил. 10 гаруй докторын ажил удирдаж хамгаалуулсан. Зөвлөсөн нь бол бол олоон, олон. Магистрын ажлуудыг ч нэлээд удирдсан байна. Шавь төрүүлнэ, дараа дараачийн үеэ бэлдэнэ гэдэг чинь багш хүний нэг сайхан зүйл нь. Судалгааныхаа ажлыг шавь нартайгаа хамтарч хийгээд бүтээл маань үйлдвэрлэл дээр бодит болохыг харах хэчнээн сайхан гээч. Шавь нар маань бас шавь төрүүлээд, дараа дараагийн үеэ бэлдээд явж байна. “Говь” компанийн инженерүүд л гэхэд бүгд л миний шавь нар. Шавь нарын маань нуруун дээр л ноолуурын үйлдвэрлэл явж байна даа.


-Таны шавь нарын нуруун дээр энэ салбарын үйлдвэрлэл явж байна гэдэг чинь та тэр бүх үйлдвэрүүдийг бойжуулсан хүн нь гэж хэлж болох юм биш үү. Таны олон жилийн судалгаа, онолын ажлын үрээр экспортын зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх олон арван үйлдвэрийн суурь тавигдсан гэдэг?

-Яг бойжуулсан гэж хэлж арай л болохгүй. Бидний судалгааны ажил тодорхой хэмжээгээр үйлдвэрүүд дээр тусгалаа олоод явж байгаа. Ганц миний ч биш олон судлаач эрдэмтдийн ажил бий. Энэ салбарын үйлдвэрлэл өнөөдрийн хэмжээнд хүртэл багагүй хөгжиж байгаа нь 30 гаруй жил хийсэн судалгаа бүтээлийн маань оролцоо тодорхой хэмжээгээр байсан л гэсэн үг биз ээ.


-Таны судалгааны бүтээл маш олон юм билээ. Та эрдмийн ажлаа хэдий үеэс эхэлсэн юм. Бас нэлээд олон патент ч эзэмшдэг гэсэн?

-1993 онд Алгаа багшийнхаа удирдлага дор “Ямааны ноолуураас хялгас ялгах технологийн онцлог” гэсэн сэдвээр дэд докторын зэрэг хамгаалсан. Алгаа багш л анх надад монгол малынхаа ноос ноолуурыг л нарийн сайн судлах хэрэгтэй гэж зөвлөж, эрдмийн ажилд чиглүүлж хөтөлсөн хүн.


Дараа нь дэд профессор, профессор болоод 2008 онд Москвагийн Нэхмэлийн их сургуульд “Ямааны ноолуурын анхан шатны технологи ба ээрэх технологийн онол практикийн асуудлууд” гэсэн сэдвээр Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэр үед энэ сэдэв маань нэлээн онцгой анхаарал татсан судалгаа байсан учраас нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдэж байлаа.  Механик аргаар ноолуураас хялгасыг ялгаж болдог бол агаарын урсгалаар бас ялгаж болох юм байна гэсэн онолыг гаргасан маань миний судалгааны ажлын гол чухал нь болсон. Хялгас ялгах, ээрмэл хийх, монгол хонины ноосноос ноолуурлаг хэсгийг нь ялгах гэх мэт хэд хэдэн патент эзэмшдэг. Хамтарсан бүтээлийн патентууд ч бий. Таван хошуу малынхаа ноос үсээр юу юу хийж болох вэ гэдгийг нэлээн судалсан.


-Монгол ноос ноолуур “алт” гэгддэгийн учир. Хосгүй ховор чанар нь чухам юундаа байдаг юм бэ?

-Монгол орны онцгой өвөрмөц цаг агаар л ноолуурыг бий болгож байгаа юм шүү дээ. Дөрвөн улиралтай, маш хүйтэн өвөл болдог. Энэ онцлог нь ноолуурыг ургуулдаг. Хүйтний улиралд малын ноолуур ургуулдаг булчирхай нь цочирдог. Ингээд 11-12 дугаар сард хүйтэнтэй зэрэгцэн ноолуур ургана. Харин дулаан газар ургахгүй. Сарлаг, тэмээ, мөн хонины ноос ч ялгаагүй. Тэд бүгд манай орны байгалийн гайхалтай ховор бүтээл юм аа. Европт ямааг өсгөж үржүүлэх оролдлогууд хийгдсэн ч ноолуур нь тэнд ургадаггүй. Тиймдээ ч манай ноолуур дэлхийн ноолуурын зах зээлийн талыг нь эзэлж байгаа юм.  Францчуудтай хамтарсан нэг төсөл дээр ажиллаж байхад нэхмэлийн чиглэлийн нэг франц багш, “Ноолуурыг таньж мэднэ гэдэг бол миний мөрөөдөл байсан” гэж байлаа. Хүний мөрөөдөл болсон тийм үнэ цэнтэй зүйл бидэнд байна шүү дээ.  


-Нэг үгээр хэлбэл манай орны байгаль цаг уур нь мал амьтантайгаа “хамтран бүтээдэг” ховор бүтээгдэхүүн.

-Яг тийм. Ноолуурын гадна талын хайрс нь бусад малын ноос үснээс ялгаатай. Уян зөөлөн, дулаан чанартай байдаг нь хайрс нь маш нимгэн байдагтай холбоотой. Тэр нимгэн чанар нь ээрмэл болох явцдаа үрэлтийн хүчээр хоорондоо маш сайн авцалдаж маш нарийн утас болох чадвартай байдаг. Монгол ямааны ноолуураар 100 номерын буюу дээд зэрэглэлийн, маш нарийн утас гаргаж авч болох юм гэдэг онолыг баталсан. Европод анх удаа монгол ноолуураар тийм утас гаргалаа. Энэ бол монгол ноолуурын гайхамшиг. Германы “Зингер” гэдэг тоног төхөөрөмж бол монгол ноолуураар хийсэн ийм онцгой нарийн утсаар нэхэх чадвартай гэдэг сурталчилгаа хүртэл болж байх жишээтэй. Манай ноолуурын бөх бат чанар зэрэг нь үнэхээр ярих юмгүй өөр. Өнөөдөр бид энэ ноолуурынхаа чадварыг тодорхойлоод гайхамшигтай бүтээгдэхүүн гэдгийг нь батлаад нотолчихсон. Одоо дахиад ч хийх юм байна.


-Жишээ  нь таныхаар юуг хамгийн түрүүнд хийх ёстой байна вэ. Ноолуурын салбар дахь үйлдвэрлэл чамгүй л нэмэгдэж байх шиг. Гэтэл ноолуур түүхийгээр экспортлох хувь хэмжээ их байгаад байхыг харахад үйлдвэрлэл тэгтлээ хөгжиж чадахгүй байгаа гэсэн үг үү?

-Манайх дэлхийн ноолуурын хэрэгцээний 50 хувийг нь хангаж байна. Тэгсэн мөртлөө өөрсдөө ноолуурынхаа ердөө л 20 хувиар нь эцсийн бүтээгдэхүүн хийж байна. Түүнийгээ Герман, Европын зарим улс орнууд, Америк, Канад, Солонгос гэх мэт улсууд руу гаргаж  байна. Үлдсэн хэсгийг нь урд хөрш аваад өөрийнхөө ноолууртай холиод гадагш нь гаргаж байна. Манайх  ноолуурынхаа ядаж 60 хувиар нь эцсийн бүтээгдэхүүн хийдэг болчихвол ямар сайхан бэ. Гэхдээ манай ноолуур үйлдвэрлэлийн салбарыг хөгжөөгүй гэж хэлж бас болохгүй юм. 1981 онд ганцхан “Говь” компани ноолуур хийдэг байлаа. Жилдээ 1000 тонн ноолуур боловсруулах, 200 тонн тэмээний ноос боловсруулах хүчин чадалтайгаар байгуулагдаж байсан. Гэтэл одоо манай ноолуур боловсруулалт, түүхий эдийн бэлтгэл 10 мянган тонноос илүү болчихож. Ноолуураар сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 100 гаруй үйлдвэр байна. “Говь”, “Гоёо”, “Эвсэг”, “Ханбогд” “Blue sky cashmere” гэх мэт цогц үйлдвэрүүдээс гадна жижиг үйлдвэрүүд зөндөө байна.  Хоёрхон машинтай хэрнээ Монголдоо ширхэг ч цамц заралгүй бүх бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг үйлдвэр хүртэл байна. Тэгэхээр боломжийн хэмжээнд хөгжиж байгаа л гэсэн үг.


- Ноолуурынхаа 60 хувиар нь эцсийн бүтээгдэхүүн хийлээ ч түүнийгээ дэлхийн зах зээлд гаргаж борлуулна гэдэг амаргүй...

-Тийм ээ. Дэлхийн зах зээл өндөр босготой. Үүнийг давж орохын тулд маш их хөрөнгө, хүч хөдөлмөр, чадвар шаардагддаг юм байна. Манайд одоогоор ноолуураас өөр шууд хэрэглэгдэж, таашаагддаг брэнд бараг үгүй учир түүнийг бүтээж байгаа, үйлдвэрлэж байгаа, технологийг нь боловсруулж байгаа бүхий л хүмүүс дэлхийн түвшинд хүрсэн чадвартай чансаатай байх ёстой. Ноос ноолуур бол манай улсын экспортын гол чухал бүтээгдэхүүн. Энэ гайхамшигтай ховор нандин бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл явуулж байгаа үйлдвэрүүд, инженерүүд дэлхийн түвшинд л байх ёстой. Ноолуур бол тансаг хэрэглээ. Энэ тансаг бүтээгдэхүүнийг хэрэглэх хүмүүс өндөр шаардлага тавих нь ч тодорхой шүү дээ. Нэг япон хүн надад, монголчууд та нар яагаад ноолуураа ингэж ихээр түүхийгээр нь гаргадаг юм бэ. Италид л гэхэд ямаа байхгүй учраас та нарын хийсэн бэлэн бүтээгдэхүүнийг бүгдийг нь авах хангалттай зах зээл байна шүү дээ гэж билээ. Гадны хүмүүс хүртэл манайд асар их боломж байгааг хараад л байгаа юм даа.


-Таны мөрөөдөл юу вэ?

-Мэдээж олон л зүйл хийх мөрөөдөл байна. Яг одоо би ноолууран хувцас хүний биед ямар ач холбогдолтой юм бэ гэдэг судалгаа хийж байна.  Ноос, ноолууран бүтээгдэхүүн бол эрүүл мэндийн бүтээгдэхүүн юм байна. Амьсгалдаг, амьд ширхэгтэй, хүний биед маш таатай, мал амьтныг асар хүйтэнд осгоолгүй хамгаалж чаддаг. Ерөөс ид шидийн гэмээр гайхалтай бүтээгдэхүүн. Ямааг амьд байхад нь самнаад авчихдаг, дахиад ургаад гараад ирдэг. Амьд амьтнаас гарч байгаа энэ бүтээгдэхүүний шидэт чанар, энерги хүч нь өөр юм. Энэ талыг нь илүүтэй түлхүү судалж байна.


Ноолуурын ширхэгийг нь судалчихлаа. Ноолуураар юуг, яаж, ямар аргаар хийж болдог, хэрхэн яаж боловсруулах вэ гэх мэт технологиудыг нь судалчихлаа. Монгол ноолуураас ийм, ийм ээрмэл гарах боломжтой, ийм сүлжмэл бүтээгдэхүүн хийх боломжтой гэдгийг нь судалчихсан. Уян, зөөлөн, сунах чанар гээд бүхий л судалгааг хийчихлээ. Нэг ёсондоо миний хийсэн судалгаанууд бол ноолуур юу юм гэдэг танин мэдэхүйн судалгаанууд байсан. Тэгвэл одоо энэ бүтээгдэхүүн маань хүнд ямар ач холбогдолтой юм гэдгийг нь судлах үлдээд байна. Хуучнаар бол товар судлал юм уу даа.


Ноолуур гэдэг зүйл бол амьд юм. Үүгээр хийсэн бүтээгдэхүүн ийм ийм ач тустай юм гэдгийг шинжлэх ухааны түвшинд нотлох юм бол манай экспортод ч нөлөөгөө үзүүлнэ, шинжлэх ухаанд ч бидний оруулах хувь нэмэр тэр болох юм.


-Энэ судалгааг хийснээрээ ямар ашигтай байх юм бол?

-Өнөөдөр бид бүтээгдэхүүнээ зарахдаа маркетинг л түлхүү хийдэг. Энэ нь тухайн бүтээгдэхүүнээ борлуулах гэж байгаа талын л ашиг олох арга зам. Харин товар судлал гэдэг бол худалдаж авч байгаа хүнд ямар ашигтай, ач холбогдолтой юм гэдгийг нээж илрүүлэх. Одоо хүмүүс юм их уншдаг, мэдлэг мэдээлэл нь маш өндөр болчихсон. Тэд ноолуурыг Монголынх, эсвэл зөөлөн, гоё юм байна гэж худалдаж авахааргүй болчихоод байна. Энэ дэлхийн хүмүүс ямар нэгэн юм худалдаж авахдаа эрүүл мэндэд ямар хэрэгтэй эд юм гэдгийг нь шинждэг, хаанахын ямар түүхий эдээр, яаж үйлдвэрлэсэн зүйл вэ гэж ул суурьтай харж судалдаг болчихсон. Байгальд ээлтэй бүтээгдэхүүн мөн үү, биш үү гэдгийг нь хүртэл харж байна. Тэр ч бүү хэл үс ноосыг нь авахдаа мал амьтныг зовоодог уу үгүй юу гэдгийг нь ч мэдэхийг хүсч байна.


-Манай ноолуур энэ тал дээр үнэхээр нүүр бардам бүтээгдэхүүн гэдэг нь тодорхой биз дээ?

-Ярих юмгүй нүүр бардам бүтээгдэхүүн. Монгол ноолуурын гайхамшигт чанар их гэж би дахин дахин хэлдэг. Байгалиасаа дөрвөөс таван өнгөтэй. Зөвхөн ноолуур ч биш хонины ноос, тэмээний ноос, сарлагийн хөөвөр хэд хэдэн өнгөтэй. Будаг ороогүй натурал бүтээгдэхүүн гэдэг нь маш том давуу тал нь. Дэлхий даяараа эрүүл хоол хүнс, тэр байтугай эрүүл хувцас хунар өмсөж зүүх гэдэг болсон байна. Энэ чиг хандлага нь манай эдгээр бүтээгдэхүүний давуу талтай маш сайн уялдана. Харин шинжлэх ухаанчаар нотлоод хэрэглэгчиддээ таниулах хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орны хүмүүс ноолууран хувцас төдийгүй, ноолууран хөнжил, нөрмөг, буйдангийн бүтээлэг хэрэглэхийг хүсдэг болсон байна. Учир нь ноолуур янз бүрийн хорт хий, хортой туяаг өөртөө шингээж авдгийг эрдэмтэд тогтоочихсон. Хүмүүсийн тав тух, тансаг байдал нь тэгж өөрчлөгдөж байна. Түүнийг дагасан мэдрэмжтэй үйлдвэрлэлийг бид хөгжүүлэх ёстой. Түүнд нь би чадах бүхнээрээ оролцож, судлаж, хийлцэх ёстой гэсэн чин хүсэлтэй явдаг.


-Энэ бол бидний хувьд гарцаагүй тансаг бүтээгдэхүүн мөн. Гэхдээ орон орны хүмүүсийн ноолууран хувцас эдлэлийг хэрэглэх хэрэглээ, үнэлэх байдал нь өөр. Тэгэхээр дэлхийн зах зээлд хүртэл мэдрэмжтэй үйлдвэрлэл, сурталчилгаа явуулах ёстой байх?

-Орон орны хүмүүсийн зөөлөн чанарыг мэдрэх мэдрэхүй өөр өөр байдаг. Бидэнд ноолуур бол маш гоё зөөлөн. Гэтэл Япон ч юм уу Азийн бусад орны хүмүүсийн мэдэрхүйд арай өөр байж болно. Европ хүмүүсийн зөөлөн чанарыг мэдрэх байдал нь азичуудаас өөр байх жишээтэй. Тэгвэл тэр мэдрэхүйн онцлогт нь тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэл хүртэл хэрэгтэй болох нь.


Бид загвар, үзэмж тал дээр нь хангалттай сайн ажиллаж чадаж байна. Одоо бүтээгдэхүүнийхээ мөн чанарыг хүний хэрэглээний мөн чанартай холбон судлаж түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэн хөгжүүлэх цаг нь болчихжээ. Тэгээд мэдээлэл түгээх, сурталчлах.


-Хөвөнгөөс ямар давуу талтай юм. Торгоноос юугаараа өөр юм гэдгийг дэлхийн аль ч орны хүмүүс яг тодорхой мэддэг байвал, уг нь?

-Яг л тэр. Жишээ нь, дотуур хувцсыг хөвөн даавуугаар голчлон хийдэг. Гэтэл хөвөн өөртөө чийгийг татаж шингээж байдаг учраас арьс хуурайшуулах гээд байдаг. Харин ноолуур бол чийгийг хадгалдаг. Арьс болон хувцасны хооронд маш таатай бичил орчныг үүсгэж байдаг. Үүнийгээ бид шинжлэх ухааны онолын дагуу баталгаажуулах ёстой.


Ноолуурын үнэр нь хүртэл өөр шүү дээ. Ноолуураар зөвхөн дулаан хувцас хийдэг гэдэг ойлголт хэдийнээ байхгүй болчихсон. Зуны хувцас, нимгэн даашинз хүртэл үйлдвэрлэж байна. Энэ бол хүн дулааныг мэдэрч байна гэдэг нь чийгээ хувцас бие хоёрын хооронд байлгаад сэрүүн мэдрэмжийг төрүүлж байгаа байдал. Ноолуур 5 градусын сэрүүн мэдрэмжийг төрүүлнэ гэж байгаа юм. Үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй баталгаажуулах, онолыг гаргаж бичих хэрэгтэй байгаа. Таван хошуу малынхаа ноос ноолуурыг бүгдийг нь энэ маягаар судлаад гаргаад тавьчих юмсан гэсэн ойрын үеийн мөрөөдөл байна даа.


-Та Монгол ямааны ноолуурыг Азийн сонгодог ноолуур гээд нотлоод хэлчихсэн эрдэмтэн...

-Тийм ээ тийм. Манайхан сонгодог ноолуур гэдгийг нь судлаад тогтоочихсон.


-Манайхан гэж, та л ингэж нэрлэж нотолсон гэж сонссон. Та их даруу хүн юм.

-Ганцхан би биш л дээ. Аливаа судалгааны ажилд судлаач нар хамтарч оролцдог. Малчид, дээж цуглуулдаг хүмүүс гээд хамтдаа л ажиллаж судалж байж ингэж тогтоож байгаа юм. Монгол, Хятад хоёр улсын ямааны ноолуур бол азийн сонгодог ноолуур гэдгийг бид тун саяхан л нотолсон нь тэр.


-Яг танай салбарт эрдэмтэд хэр олон байна?

-Би 1993 онд эрдмийн зэрэг хамгаалсан. Тэгэхэд яг ноолуурын технологийн чиглэлээр шүүмж бичих хүн байхгүй байсан шүү дээ. Одоо бол зөндөө болсон. Зөвхөн миний удирдсан доктор л гэхэд арав гаруй байна. Гадаадад ч маш олон хүн эрдмийн зэрэг хамгаалсан.


-Та юунаас амьдралын сайн сайхныг, аз жаргалыг их мэдэрдэг вэ?

- Энэ орчлонд сайн сайхан зүйл, харж баясах юм өчнөөн шүү дээ. Би бол багш хүн байхын сайхныг л цаг үргэлж мэдэрч явдаг.


-Та өөрийнхөө хамгийн сайн зан чанарыг хэлбэл?

-Би хүний үг авдаг хүн. Үг авдаг гэдэг нь үг сонсдогоосоо өөр. Хүний хэлснийг өөртөө шингээж, өөртөө зөв тусгаж авах гэдэг чухал юм. Ер нь ч манай монголчууд хүүхдээ тиймэрхүү хандлагаар сургадаг ард түмэн юм. Тэдний хүүхэд тийм сайн байна гэж хүний хүүхдийг магтахыг зарим нэг нь атаархуулж өсгөж байгаа гэж шүүмжилж магад л юм. Гэхдээ тэгж хүүхдээ ойлгуулж тэндээс хүүхэд нь өөрөө өөртөө үг авч, өөртөө шингээж сурдаг байна. Тэдний айраг ёстой сайхан байна аа, тос нь уначихсан байна гэж аав нь хэлэхэд ээж нь “өө тэдний хүүхдүүд айргаа сайн бүлж л дээ” гэж хариулах нь хүртэл дам утгаараа өөрийнхөө хүүхдийг тэр айлын хүүхэд шиг мундаг болгох хөшүүрэг хэрэглэж байгаа арга ухаан аж. Үг авна гэдэг тэндээс эхэлж байдаг болов уу.


-Нэхмэлийн Энхтуяа гэдэг нэрийг та хэдий үеэс авсан юм бэ?

-Ташкентад оюутан байхаас л авсан нэр. Онц сурдаг, бас Ташкентын оюутнууд дундаа багагүй нэр хүндтэй байсан. Тэгээд ч Энхтуяа гэдэг нэр түгээмэл учраас бусад хүүхдүүдээс ялгах гэж нэрлэсэн байх.


-Та сургалтын төв байгуулан ажиллаж байгаа. Энэ талаараа товчхон танилцуулбал?

-2012 оны үед, намайг ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхад Японы автомат сүлжих машины “Шима сейки” үйлдвэрийн нэг төлөөлөгч манай сургуульд ирсэн юм. Тэр үеэр нь би, “Манай сургуульд хуучин ч хамаагүй нэг машин өгч болох уу. Бид танай үйлдвэрийн машины зургийг харуулж хичээлээ заадаг. Оюутнуудаа үйлдвэрийн машин дээр, бодитоор сургаж дадлагажуулах гэсэн юм. Төгссөн хүүхдүүд маань танай машин дээр дадлагажиж сурахын тулд заавал Япон руу явах хэрэг гардаг” гэх мэтээр учир байдлаа тайлбарлаж, ойлгуулаад сургалтад зориулсан машин худалдаж авсан. Ингээд машин дээр нь сургалт явуулахад суралцагчийн чанар чансаа маш сайн болж байгааг үйлдвэрийнхэн хараад манайхтай хамтарсан сургалтын төв байгуулах нь зөв зүйтэй юм байна гэж үзсэн. 2016 онд сугалтын төвөө байгуулсан. Нэг япон хүн, сургалтын орчин ийм сайн байж танайхан яагаад боловсон хүчнээ гадаадад сургаад байдаг юм бэ гэж асууж байсан шүү. Манайхан гадаадад л сурвал илүү мундаг болдог гэсэн ойлголт одоо ч хэвээр байна л даа.


-Та Академич гэдэг цол хүртсэн цөөхөн эмэгтэй эрдэмтдийн нэг. Энэ цолыг  авахад ямар санагдаж байсан бэ?

-Мундаг хүмүүс, ухаантай том хүнээр үнэлүүлж магтуулна гэдэг үнэхээр том хариуцлага байдаг юм билээ. Техникийн шинжлэх ухааны хэлийг надад заасан, эрдмийн ажлын замыг ч заасан Ч.Авдай багш маань намайг айхтар том үнэлж хэлж билээ. “Бүтээлүүдийг нь харсан ч, олон жил багшилсан хөдөлмөр туршлагыг бодсон ч академич болох хэмжээнд байна” гэхэд нь би их цочирдож байлаа. Ч.Авдай багш намайг залуу байхад, бүр 1980-аад оны үед “Бид ноолуур, чацаргана гэдэг Монголын хоёр чухал юмыг барьж судалж байна. Үүнийгээ л хоёул санасандаа хүртэл нарийн сайн судлах ёстой юм шүү” гэж “ташуур өгдөг” байв.  


Академичдын бага, их чуулган дээр бүтээлээ танилцуулж, нэг ёсондоо шалгалтаар ороод нийт академичдын саналыг үндэслэж байж энэ том цолыг хүртдэг юм билээ. Тийм мундаг хүмүүстэй уулзаж бүтээлээ ярих, тэр мундаг академич эрдэмтдийн үнэлгээг авна гэдэг нь л өөрөө сайхан завшаан, асар том зүйл шүү дээ.  


Ер нь боловсруулах аж үйлдвэрийн технологич чиглэлээр академич бараг л байхгүй юм билээ. Энэ салбарт хийсэн судалсан зүйл маань чамгүй бий ч гэлээ бас ноолуурын салбарын ач холбогдол, давуу тал нь бас эрхэм цол хүртэхэд нөлөөлсөн биз ээ. Мөн манай салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжиж яваа, цаашдаа ч илүү их хөгжих ирээдүйтэй салбар гэж үнэлсэн явдал юм. Энэ салбартаа ямар их зүйл хийх ёстойгоо л улам ихээр мэдэрч байгаа даа.


-Эмэгтэй хүн судалгаа бүтээл хийх, эрдмийн ажилд шамдах, тэр ч бүү хэл академич цолонд хүртэл явахад эрэгтэй хүнээс арай илүү их хүч чармайлт гарах юм шиг?

-Эрдмийн ажилд эрэгтэй эмэгтэй хүйсийн ялгаа гэж байхгүй шүү дээ. За яахав, нарийн нандин, нямбай чамбай чанараар илүү байж магадгүй л юм. Ахуйн ажил, ачаагаа зохицуулахаас өгсүүлээд яльгүй ялгааг би эр эм хүйсийн ялгаа болгон илүү дутуу гэж харахыг хүсдэггүй. Гэр бүлийн дэмжлэг, түшиг тулгуур ч эмэгтэй хүнд их хэрэгтэй л дээ. 

-Яриа өрнүүлсэн танд баярлалаа.

Холбоотой мэдээ