СҮХБААТАР: Нэгдсэн халаалт, дулаанд холбох ажлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-10-12 14:28:52

Баруун-Урт, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Түвшинширээ, Уулбаян сумыг нэгдсэн халаалт дулаанд холбох ажлыг хийж байна. Ингэхдээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийлгэхээр шийдвэрлэж, 20 жилийн хугацаатай хамтран ажиллах концессын гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгүүлж буйгаараа онцлог юм.


Түвшинширээ сумыг төвлөрсөн халаалт дулаан, цэвэрбохир усны шугам сүлжээ, шинээр байгуулах ажлыг "Сэтгэшгүй нэмэх" гүйцэтгэж байна. Нийт төсөв нь 2,5 тэрбум төгрөг. Өнөөдрийн байдлаар 786,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, зуухны барилгын ажил 40 хувийн гүйцэтгэтэй үргэлжилж байна. Эхний байдлаар 11 дүгээр сарын дундуур төрийн болон хувийн хэвшлийн 10 гаруй байгууллагын халаалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Энэ бол орон нутагт анх удаа хийж буй ажил. Уг төсөл амжилттай болбол заавал улсын төсвийг харахгүйгээр үлдсэн сумдыг ч мөн энэ жишгээр нэгдсэн шугамд холбох боломжтой. Ийм хэрэгцээ шаардлага ч их бий. Орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд сум бүр нэгдсэн халаалт дулаанд холбогдох нь нэн чухал байгаа юм. Гэтэл жил бүр нэг сумыг эсвэл жилд хоёр гурван сумыг зэрэг холбох ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийлгэх боломжгүй. Саналаа өгнө, төсөвт тусгуулна гээд цаг хугацаа маш их алдана. Тэгэхээр бид өөр ямар боломж, нөөц байна гэж судалж байгаад дээрх сонголтыг хийсэн. Хоёр суманд ажил нь маш амжилттай хийгдэж байгаа гэдгийг аймгийн Засаг дарга М.Идэрбат онцоллоо.


Холбоотой мэдээ