ӨВӨРХАНГАЙ: Шинжлэх ухааны академитай хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Шинжлэх ухаан, технологи, инновацыг нутагшуулъя” аяны хүрээнд аймгийн ЗДТГ-аас Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Гэрээнд мод, сөөг ургамлыг тарих, нөхөн сэргээх, цөлжилтийг бууруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, Хархорин хот байгуулалтын түүх, археологи, угсаатны зүйн болон аймгийн засаг захиргаа, хошуу нутгийн түүхийн судалгаа хийх, Орон нутгийн бизнес эрхлэгчидтэй хамтран мөөгний кластер хөгжүүлэх, бичил төсөл хэрэгжүүлэх, Нэн ховор, ховор амьтан, ургамлын тархац нөөцийн судалгаа хийх, Гадаргын усны чанар, найрлага, рашаан болон хөв, цөөрөм байгуулж болох боломжит байршлын судалгаа хийх, аймгийн үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Мөн дээрх аяны хүрээнд “Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” хэлэлцүүлгийг зохион байгуулж, “Орон нутгийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Хөдөө аж ахуйн сэргэлт” гэх гурван үндсэн чиглэлээр эрдэмтэн, судлаачдын 19 илтгэлийг танилцууллаа.