ОРХОН: Эко хорооллын инженерийн шугамыг 543,8 сая төгрөгөөр солино

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-10-03 14:40:49
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ./ Аймгийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар “Төсөвт зохицуулалт хийх тухай”  асуудлыг хэлэлцэн баталлаа.


Энэ онд аймгийн төсвийн хөрөнгөөр Эко хорооллын инженерийн шугамыг хэсэгчлэн солих, XX сургуулийн гадна халаалтын зуухны барилга барих ажлыг хийхээр тендер зарласан ч амжилтгүй болжээ. Тендерт оролцсон компаниудын бичиг баримтын бүрдэл дутуу, шаардлага хангаагүй байна. Иймд дахин тендер зарлах боломжгүй, хугацаа алдах учраас уг ажлын зардлыг аймгийн “Болзошгүй аваарын зардалд” шилжүүлж, шууд гэрээгээр гүйцэтгүүлэх шаардлагатай болжээ. Энэхүү асуудлыг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ИТХ-ын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүллээ.

                           

                                                Эко хорооллын шугам сүлжээг хэсэгчлэн солино

Энэхүү ажлын нийт төсөвт өртөг 543,800,315 төгрөг юм. Үүнээс “Болзошгүй аваарын зардалд” шилжүүлэх дүнг 444,621,940 төгрөг байхаар санхүүгийн тооцоолол гарчээ.

Эко хороололд 113 өрх, айл байгаагаас инженерийн шугам, сүлжээний гэмтлээс шалтгаалж 83 айл халаалтгүй байна. Тиймээс Ус дулаан дамжуулах төвөөс гарч буй 247 метр сувагт байгаа таван хос шугамыг солих шаардлагатай аж. Уг ажлын тендер зарлагдсан ч гүйцэтгэгч компани шалгараагүй тул зардлыг нь аймгийн Болзошгүй аваарын зардалд шилжүүлж гэрээгээр гүйцэтгүүлэхээр боллоо.

Ингэхдээ “Эрдэнэт Ус” Дулаан түгээх сүлжээ ОНӨХК туслан гүйцэтгэгчээр ажиллаж, арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллахаар болов.

                        

                                                XX сургуулийн гадна халаалтын зуухны  барилга барина

Энэ ажлын нийт төсөвт өртөг 196.048.348 төгрөг юм. Үүнээс аймгийн “Болзошгүй аваарын зардалд” шилжүүлэх дүн 159.843.136 төгрөг байхаар санхүүгийн тооцоолол гарчээ.

Аймгийн болзошгүй аваарын зардлаас 2022 онд XX сургуулийн гадна талд 1200 квт-ын хүчин чадалтай халаалтын зуух суурилуулсан.

Одоо барилгын гадна талд 4*6 метрийн хэмжээтэй металл каркастай, эрдэс хөвөн сендвичэн барилга барихаар төлөвлөж байна. Мөн одоо байгаа халуун усны ялтсан бойлерыг гадна барилгын хамт буулгаж өргөтгөлийн хэсэгт хүчин чадал нэмэгдүүлэн шинээр суурилуулна.

 

Холбоотой мэдээ