Хан-Уул дүүргийн 120 хүүхэд шинэ цэцэрлэгтэй болов

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2015-10-06 16:34:58

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Буянт-Ухаа 1" хороололд 120 хүүхдийн ортой 223 дугаар цэцэрлэг өнөөдөр үүдээ нээлээ.

Тус цэцэрлэг нь 50 бүлэгтэй, цэцэрлэгийн 2 байртай, 30 багш ажилчидтайгаар үйл ажиллагаа эхэлж байна.

Энэхүү цэцэрлэгт БСШУЯ-наас цэцэрлэгийн 2 байранд гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж, YAMAHA брэндийн иж бүрэн хөгжмийн хэрэгсэл, 200 хүүхдийн сандал ширээ, хувцасны шкаф зэрэг нийт 39 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Харин “Хүүхдэд ээлтэй Хан-Уул “ хөтөлбөрөөс  8 бүлэгт хивсэнцэр, ариун цэврийн хэрэглэл хадгалах агуулах, 2 хөлдөөгч, 120 хүүхдийн аяга таваг бусад гал тогооны хэрэглэл зэрэг нийт 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол эцэг эхийн тусламжаар 2 ээлжийн зөөлөн эдлэл, ариун цэврийн өрөө, сургалтын орчинг хүүхдэд ээлтэй орчны стандартаар тохижуулж өгчээ.

Тус дүүрэг 50 жилийн ойг угтан энэ онд шинээр 150 ортой нэг, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор гурав, 27 дугаар цэцэрлэгийн байр шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн шинээр 11, 16 дугаар хороодод цэцэрлэгийн барилгын ажил эхэлжээ.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд