ӨВӨРХАНГАЙ: Одоогоор 8000-аад хонийг Иран Улс руу нийлүүлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-09-27 14:04:34

Арвайхээр /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг энэ жил 120-150 мянган хонийг Иран Улс руу экспортлохоор ажиллаж байна. Танассан интернэйшнл ХХК-иас “Өв Эко Мийт” махны үйлдвэрийг түшиглэн Иран Улсын Махны холбоотой гэрээ байгуулж, одоогоор 8 мянгаад хонийг малчдаас худалдан аваад байгаа юм. Ингэхдээ нэг килограмм тутамд 7000-7200 төгрөгөөр үнэлэн авч байгаа бөгөөд мал, махаа Улаанбаатар руу тээвэрлэхгүйгээр орон нутагтаа борлуулж байгаа нь малчдад бодит дэмжлэг болж байна.



Зөвхөн Өвөрхангай гэлтгүй, Баянхонгор, Архангай, Булган аймгаас малчид мал борлуулж байгаа аж. “Хэдийгээр мал тасралтгүй худалдан авч байгаа ч энэ жилийн мянган тонн мах бэлтгэх зорилт хаанаа ч хүрээгүй байна” гэдгийг “Танассан интернэйшнл трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэбат хэллээ. Мөн Махны үйлдвэрт ажлын орон тоо нэлээн байгаа, ялангуяа махны чиглэлийн мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй байна гэв.


Гэрээний хүрээнд махны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, хоногт 800-1100 хонь нядлах хүчин чадалтай болгожээ.

Холбоотой мэдээ