ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Ази, Номхон далайн 10 дугаар чуулганыг Монгол Улсад зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-09-22 10:44:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Саудын Арабын Хаант Улсад 2023 оны 9 дүгээр сарын 10-25-нд зохион байгуулж буй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганы үеэр Соёлын сайд Ч.Номин ЮНЕСКО-гийн Соёлын асуудал эрхэлсэн дэд захирал Эрнесто Оттонитой уулзлаа.


Энэхүү уулзалтаар:

-Дэлхийн баримтат өвийн үнэт дурсгалыг хадгалан хамгаалах зорилготой ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн /MOWCAP/ 10 дугаар чуулганыг Монгол Улсад зохион байгуулах болсныг баталгаажууллаа.

-ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийг жагсаалтад Монгол Улсаас “Монгол нүүдлийн зан үйл”, “Наурызын баяр”-ыг нэр дэвшүүлэхээр болсныг дуулгав.

-ЮНЕСКО-гийн “Бүтээлч хотын сүлжээ”-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг бүртгүүлэх хүсэлт гаргасан бөгөөд өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод соёлын үйл ажиллагааг идэвхжүүлэх, дотоодын бүтээлч үйлдвэрлэгчдийг дэмжих бодит алхмуудыг хийсэн.

-"Соёлын үнэт зүйлсийн хууль бус экспорт, импорт, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай" ЮНЕСКО-гийн 1970 оны конвенцын хэрэгжилтийг хангах үүднээс Монгол Улс Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн нэгжтэй болсон бөгөөд үргэлжлүүлэн бүс нутгийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

-Мөн ЮНЕСКО-той хамтран орон нутгийн удирдлагуудыг чадавхжуулах, Дэлхийн өвийн конвенцод тулгуурлан соёлын өвийн чиглэлээр мэргэших шинэ залуу судлаачдыг чадавхжуулахад чиглэсэн төсөл хөтөлбөр, сургалт зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.


Мөн ноён Эрнесто Оттонитой уулзах үеэр Бүгд Найрамдах Франц Улсын Версалын Хатан хааны дуурийн театрт тоглох Монгол Улсын Соёлын элч-Морин Хуурын чуулга болоод Нант хотод зохион байгуулах “Чингис Хаан:Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” тусгай үзэсгэлэнд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей болон бусад албан тушаалтныг Монгол Улсаас БНФУ-д зохион байгуулах соёлын үйл ажиллагаанд оролцохыг урилаа.


Уулзалтаар өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулсан “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн талаар ярилцаж цаашид уг фестивалийг олон улсын чанартай наадам болгон цар хүрээг өргөжүүлэхэд ЮНЕСКО-той хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Соёлын яамнаас мэдээлэв.


Холбоотой мэдээ