ӨМНӨГОВЬ: Түүхт ойгоо тохиолдуулан “50 жил-50 бүтээлч ажил” аяныг өрнүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад /МОНЦАМЭ/. БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн түүхт 50 жилийн ойг есдүгээр сарын 15-16-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
Тус ангийг 1973 онд байгуулсан бөгөөд өдгөө хүртэлх бахархалт түүхийн хугацаанд тус ангид албаа нэр төртэй хаасан олон арван офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид батлан хамгаалах салбар төдийгүй Зэвсэгт хүчин, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад нэр хүндтэй ажиллаж хөдөлмөрлөж байна. Мөн энэ ангиас гавьяатууд, алдар цуутнууд, хөдөлмөрийн сайчууд олноор төрсөн гарсан нь түүхийн бахархал юм.
Тус
ангийн түүхээс цухас дурдвал, олон улсын байдал түгшүүртэй болж байсан
1970-аад оны үед өмнөд хилийг Даланзадгад-Хүрмэн,
Даланзадгад-Номгон, Даланзадгад-Баян-Овоогийн чиглэлд халхлах зорилгоор тухайн
үеийн БНМАУ-ын БХ-ын сайдын 1973 оны наймдугаар сарын 7-ны өдөр Ардын армийн
мотобуудлагын нэгдүгээр тусгай бригадын хоёрдугаар мото буудлагын тусгай бригадыг
Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байгуулах тушаал гарчээ. Энэхүү
тушаалаар тусгай бригадыг 1973 оны наймдугаар сарын 15-ны дотор шилжүүлэн байрлуулж
эмхлэн зохион байгуулснаар тус ангийн түүхэн замнал эхэлсэн түүхтэй.
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн 50 жилийн түүхт ойн баярын хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын шийдвэрээр хугацаат цэргийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 250 хүн хүлээн авах хүчин чадалтай цэргийн гал тогоог Зэвсэгт хүчний 340 дүгээр ангитай хамтран хийж гүйцэтгэн баярын өдрөөр ашиглалтад хүлээлгэн өглөө.
Түүнчлэн орон нутгийн хөрөнгө оруулалтаар тус ангийн шалган нэвтрүүлэх байрыг өргөтгөх, нийтийн бие засах газрыг засварлан тохижуулах зэрэг ажлыг хийжээ.
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Х.Лхагвадорж:
-Ангийн 50 жилийн түүхэн шаргал хуудсанд бие бүрэлдэхүүнийхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх, алба хаагчдын амьдрах ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад цаг ямагт дэмжлэг үзүүлэн ажилласаар ирсэн. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчид, ЗДТГ-ын хамт олон үргэлж хамтран ажиллаж, үйл хэрэгт дэмжлэг болон ажилласаар ирсэнд нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс гүн талархал илэрхийлье. Бид ойн хүрээнд томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөн зохион байгуулж ажиллалаа. Ингээд нийт бие бүрэлдэхүүндээ болон үе үеийн ахмадуудадаа, Өмнөговийнхондоо түүхт 50 жилийн ойн мэндийг хүргэж, цаашдын ажил үйлст нь амжилт хүсье.
Бэлтгэл хошууч, ахмад дайчин Б.Төмөрсүх:
-Өнөөдөр түүхэн өдөр тохиож байна.
Учир нь миний албаа нэр төртэй хаасан анги байгууллагын минь 50 жилийн түүхт
ой болж байна. Энэ өдөр Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос хамт ажиллаж
байсан анд нөхдүүд ойн баяртаа хуран
цуглаж ирээд залуу үеийнхэнтэйгээ нийлээд баяраа үнэхээр сайхан тэмдэглэж байна.
Цэргийн жагсаалаа үзлээ, анги удирдаж байсан дарга нартайгаа уулзлаа. Огшиж байна.
Миний бие тус ангид Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороон дарга, ухуулах ажлын
зааварлагчаас батальоны орлогч хүртэлх албан тушаалд дэвшин ажиллаж байсан. Энэ
цаг үед бахархаж хэлэх нэг үг байна.
Хайртай ханьдаа хэлж үзээгүй мөртөө
Чинийхээ төлөө үхье гэж эх орондоо
хэлсэн юм гэсэн уриан дор ажиллаж, амьдарч явсан юм. Та бүхэндээ залуу хойч
үеийнхэндээ баярлаж байна. Зэвсэгт хүчний яруу алдар бадартугай.