Япон улсад 100-гаас дээш настны тоо 92 мянгад хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-09-15 15:40:29

ТОКИО. /Kyodo/. Японд 100-гаас дээш настны тоо 92 139-т буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрсний 88.5 хувь нь эмэгтэйчүүд байна гэж тус улсын Нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр мэдээлэв.


Есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 100 болон түүнээс дээш настай хүний тоо өмнөх оны мөн үеийнхээс 1613-аар нэмэгдсэнээр 53 дахь жилдээ дараалан өслөө гэж Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ирэх даваа гарагт болох Ахмадын өдрийг тохиолдуулан мэдээлжээ.


Ингэснээр хүн ам нь хамгийн хурдан хөгширч буй орнуудын тоонд орж байгаа Японд 100 мянган хүн ам тутамд дунджаар 73.74 зуу болон түүнээс дээш настай хүмүүс ногдож байна. Түүнчлэн 100-гаас дээш настай эмэгтэйчүүдийн тоо өмнөх жилийнхээс 1428-аар нэмэгдэж, 81 589-д хүрчээ. Японы хамгийн өндөр настай эмэгтэй бол Осака мужийн оршин суугч, 116 настай Тацүми Фүса юм.


Япон эмэгтэйчүүдийн дундаж наслалт 87.09 байгаа бол эрэгтэйчүүдийнх 81.05 байна. Мөн 100-гаас дээш настай эрэгтэйчүүдийн тоо өмнөх жилийнхээс 185-аар нэмэгдэж, 10 550 болжээ. Чиба мужийн оршин суугч, 111 настай Сонобэ Гисабүро тус улсын хамгийн өндөр настай эрэгтэй юм. Японд 1963 оноос өндөр настай хүмүүсийн талаарх мэдээллийг эмхэтгэж эхэлсэн бөгөөд тухайн үед 100-гаас дээш настны тоо 153 байсан бол 1998 онд 10 мянгыг давжээ. 

Холбоотой мэдээ