ХЭНТИЙ: Шилдэг сувилагчид шагналаа гардлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Чингис /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит “Шилдэг сувилагч” шалгаруулах уралдааны шилдэг 20 сувилагчид шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.
Тодруулбал, уралдааны нэгдүгээр байрт Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн ахлах сувилагч Д.Өлзиймаа шалгарч, байрны урьдчилгаа төлбөр болох 25 сая төгрөгийн дэмжлэг хүртэв. Мөн хоёрдугаар байрыг Батноров сумын эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Б.Батхишиг эзэлж 10 сая төгрөг, гуравдугаар байрыг Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн хүүхэд нярайн тасгийн сувилагч П. Мөнхзул хүртэж таван сая төгрөгийн эзэн боллоо. Харин бусад 17 оролцогчид тус бүр 500 мянган төгрөг, өргөмжлөл гардуулан өгсөн юм.
Мөн энэ үеэр аймгийн Нэгдсэн эмнэлэг, Норовлин, Бэрх, Мөрөн сумын ӨЭМТ болон Бор-Өндөр сумын Цэгцүүлэндом өрхийн эрүүл мэндийн төвд 145 сая төгрөгийн үнэ бүхий шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулав.
Эрүүл мэндийн салбарт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх, сувилагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, иргэдэд хүрэх эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой тус уралдааныг 18 сум, таван тосгодын эрүүл мэндийн салбарын сувилагчдын дунд зарласан юм.
Нийт гурван үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд анх 26 сувилагч материал ирүүлснээс 20 сувилагчийн материалыг нэгдүгээр шатанд шалгаруулжээ. Харин хоёр дахь шатанд сувилагч нарын мэдээллийг цахим орчинд байршуулан нэмэлт оноолт өгч ажилласан бол гурав дахь шатны ур чадварын тэмцээнийг гурван өртөөгөөр зохион байгуулжээ.
Уралдааныг өнгөрсөн тавдугаар сард зарласан бөгөөд аймгийн 100 жилийн ойн өмнө дүнгээ гаргаж, өнөөдөр ийнхүү шилдгүүдийн шагнал эздэдээ хүрч байна.