ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 32.9 хувьд бэлчээрийн ургамлын гаралт сайн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙЕсөнбулаг /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 11-ний байдлаар Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалт, зуншлага нийт нутгийн 32.9 хувьд сайн байна.
Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс тус аймгийн нийт нутгийн бэлчээрийн ургамлын гаралт өнөөгийн байдлаар ямар байгаа тухай танилцууллаа. Тодруулбал, Говь-Алтай аймгийн нийт нутгийн 32.9 хувь буюу Есөнбулаг, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Төгрөг, Цээл, Шарга суманд зуншлага сайн буюу ургалт сайн, 56.6 хувьд Алтай, Бугат, Тонхил, Тоорой, Бигэр, Гуулин тосгон, Дарив, Халиун, Цогт, Чандмань, Эрдэнэ сумууд зуншлага дунд буюу ургалт удаашралтай байгаа аж. Харин Дэлгэр, Тайшир сум зуншлага муу буюу ургалт муу байгаа тухай мэдээлэв.
Үүний сацуу одоогоор тус аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлт болон залаалалт, цэцэглэлт, үрийн боловсролт, хаталт хагдралтын үе шат ажиглагдсан ба малын тарга хүч, усан хангамж дунд зэрэг гэж нэмж мэдээлэв.