ХОВД: Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ 31.3 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-07 16:28:07

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн хэмжээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 28285 хүн хамрагджээ.


Энэ нь үзлэг, шинжилгээнд хамрагдвал зохих хүн амын 31.3 хувийг эзэлж байгаа бөгөөд улсын дунджаас 1.7 хувиар доогуур үзүүлэлт юм.


Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны ажил өнгөрсөн оны тавдугаар сард эхэлсэн.

18-аас дээш насны иргэдэд Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Ач заяа, Мөнх цохилохуй эмнэлгийн хамт олон  үзлэг, шинжилгээ хийж, хуваарийн дагуу үйлчилж байна.


Харин сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд 0-5 нас, 6-17 насны хүүхдэд үзлэг, шинжилгээ хийж байна.

Одоогоор үзлэгт хамрагдсан иргэдийн дунд хоол боловсруулах тогтолцооны өвчин 3640, зүрх судасны тогтолцооны өвчин 1098, шээс бэлгийн тогтолцооны өвчний тохиолдол 743 илэрчээ. Мөн дотоод шүүрэл бодисын солилцооны өвчин 542, амьсгалын тогтолцооны өвчин 199, хавдрын шинэ тохиолдол 83 бүртгэгдэж, эдгээр өвчлөл тэргүүлж байна. Харин хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл, харааны өөрчлөлт, амьсгалын замын өвчлөл тэргүүлж байгаа талаар судалгаа гарчээ.   

Орон нутгийн иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах идэвх оролцоо сул байна. Иймээс эмч нар иргэдийг эрүүл мэнддээ анхаарч үзлэг, шинжилгээнд бүрэн хамрагдахыг зөвлөлөө.  

Холбоотой мэдээ