Морьт харвааны ДАШТ Улаанбаатар хотод болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-09-02 09:54:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Морьт харваачдын холбоотой хамтран есдүгээр сарын 1-10-нд “Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй наадам болон Олон улсын морьт харвааны холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулж байна.


Тодруулбал, энэ сарын 1-3-нд “Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй наадам болох бол 6-8-ны хооронд ДАШТ-ийг зохион байгуулах юм. Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний ёс заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад дотоодын жуулчдад Улаанбаатар хотыг сурталчлах зорилготой “Хийморь” олон улсын морьт харвааны тэмцээнийг 2019 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд Монгол Улс анх удаа морьт харвааны ДАШТ-ийг зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Мөн Монгол “Бөмбөг намнаа” төрөл энэ удаагийн ДАШТ-д албан ёсны төрөл болон шинээр нэмэгдсэн байна.


Тус ДАШТ-д БНХАУ, БНСУ, АНУ, Франц, Австрали, Канад, Герман, Унгар зэрэг дэлхийн 24 орны 80 гаруй тамирчин Скермиш буюу Түрэг харваа, Тавер буюу Унгар харваа, Польш харваа, Рэйд буюу Ази харваа, Монгол бөмбөг намнаа зэрэг таван төрөлд хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдөнө.




Холбоотой мэдээ