Монгол Улс, Гэгээн Ширээт Улс нь найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-09-02 10:48:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.


Энэхүү түүхэн айлчлалтай холбогдуулан Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцааны товч лавлахыг хүргэж байна.


Улс төрийн харилцаа:

Дипломат харилцаатай, Монгол Улс Гэгээн Ширээт Улстай 1992 оны 4 дүгээр сарын 4-нд дипломат харилцаа тогтоосон. 2022 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, уг ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгөөс Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнийг Монгол Улсад айлчлахыг урьсан юм.


Түүх сөхвөл, тэртээ 13 дугаар зууны үед Ромын Папаас Их Монгол Улсын хаанд элч ирүүлж, захидал дайж байв. Их Монгол Улсын хаан Гүюгээс элч Плано Карпинигаар дамжуулан Ромын Пап IV Инносентэд 1246 онд илгээсэн захидал өдгөө Ватиканы нууц музейд хадгалагдаж байгаа юм. Перс хэлээрх уг захидалд Их Монгол Улсын хааны тамга хоёр удаа дарагдаж үлдсэн онцлогтой. Үүнээс хойш Ил хаант улсын хаад Ромын Паптай харилцаж байсныг нотлох баримтууд мөн Ватиканы музейд хадгалагдаж байдаг юм. 


Харилцааны түвшин:

Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай.


Харилцан хийсэн гол айлчлалууд:

Монголын талаас

  • 1992 онд - Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Худалдаа,
  • үйлдвэрийн дэд сайд С.Ганбаатар, Үндэсний
  • хөгжлийн дэд сайд Р.Батмэнд
  • 1993 онд - Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн
  • 2000 онд - Гадаад хэргийн дэд сайд С.Батболд
  • 2000 онд - Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди
  • 2011 онд - Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд Гэгээн Ширээт Улсад зочилж, Ромын Пап Гэгээн хутагт XVI Бенедикттэй уулзаж байгаа нь 


Гэгээн Ширээт Улсын талаас

  • 2023 онд Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба Пол Ричард Галлагер

             Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба Пол Ричард Галлагер энэ оны зургаадугаар сарын 4-8-ны өдрүүдэд

Монгол Улсад албан ёсоор айлчлах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав


Зээл, тусламжийн хэмжээ, ашиглаж буй салбар:

Ватиканы тал 1993 онд хүмүүнлэгийн тусламж болгон манай улсад 1000 кг эмийн зүйл, эмнэлгийн материал, 1996 оны хавар гарсан ой, хээрийн түймрийн хохирлыг арилгахад 31000 ам.доллар хандивласан. Мөн 2000 оны өвлийн зудын хохирлыг арилгахад Пап II Ионн Павел хувиасаа 50000 ам.доллар, Ватиканы хүмүүнлэгийн тусламжийн “Кор Унум” байгууллага 30000 ам.доллар тус тус хандивласан. Католик шашны “Каритас Интернационалис” байгууллага зудад нэрвэгдсэн малчдад туслах, тэднийг малжуулах богино, урт хугацааны төсөл хэрэгжүүлэхээр хандив цуглуулж байсан.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба Пол Ричард Галлагер нар     

                                                                                                 

Иргэд харилцан зорчих нөхцөл:

Шенгений визтэй зорчдог.


Оюутан солилцоо:

Ватиканы бүрэн тэтгэлгээр 1992 оноос хойш Филиппинд 9 оюутан, Италид хоёр оюутан суралцсан.

     

Гэгээн Ширээт Улсын тухай

Нутаг дэвсгэрийн хэмжээ: 0.44 км²

Хүн амын тоо: 2023 оны байдлаар, 1000 орчим иргэнтэй.

Шашин: Католик

Нийслэл: Ватикан

Үндэсний баяр: Гуравдугаар сарын 13 (Папын сонгогдсон өдөр нь үндэсний баяр)

Худалдаа: Шуудангийн марк, мөнгөн зоос, музей ажилуулах, үл хөдлөх хөрөнгө, банк санхүү, хэвлэл мэдээлэл.

Аж үйлдвэрийн гол салбарууд: Шуудангийн марк, мөнгөн зоос

Засаглалын хэлбэр: Хэмжээлшгүй эрхт хаант засаг

Төрийн тэргүүн: Пап Францис (2013 оны гуравдугаар сарын 13-нд сонгогдсон)

Ерөнхий сайд, Төрийн нарийн бичгийн дарга: Кардинал Пиетро Паролин (2013 оны 10 дугаар сарын 15-нд томилогдсон)

Гадаад хэргийн сайд, Тэргүүн хамба: Пол Ричард Галлагер (2014 оны 11 дүгээр сарын 8-нд томилогдсон)

Хууль тогтоох засаглал: Ватикан хот улсын Папын зөвлөл. Хууль, тогтоолын төслийг Төрийн нарийн бичгийн даргын газраар дамжуулан Папд танилцуулж батладаг.

Холбоотой мэдээ