Тайваний Дэд Ерөнхийлөгч Сан-Францискод иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-08-17 16:23:10

ХОНГКОНГ. /ТАSS/. Тайваний  Дэд Ерөнхийлөгч Лай Циндэ Парагвай улсаас Тайбэй хүртэл нисэх замдаа дамжин өнгөрөхөөр Сан-Франциско хотод орон нутгийн цагаар лхагва гарагт буужээ.


"Сан-Францискод буцаж ирсэндээ баяртай байна, энд би олон найзуудтайгаа уулзана" гэж Лай Циндэ өөрийн X (хуучнаар Twitter) хуудсандаа бичжээ. Тайвань дахь Америкийн хүрээлэнгийн (AIT) тэргүүн Лаура Розенбергер, Тайбэйгээс АНУ-д суугаа Эдийн засаг, соёлын төлөөлөгчийн газрын тэргүүн Шиао Мэйцин  нар өөрийг нь онгоцны буудал дээр угтаж авсанд тэрбээр талархал илэрхийлэв.


Лай Циндэ Сан Францискод хоёр хоноод наймдугаар сарын 18-нд Тайвань руу буцах аж. Тэрбээр Тайбэйгээс Парагвай руу явах замдаа Нью-Йорк хотод бууж, наймдугаар сарын 12-13-ны өдрүүдэд хоёр хоножээ. Лай Циндэ наймдугаар сарын 15-нд Парагвай улсын Ерөнхийлөгч Сантьяго Пеньягийн тангараг өргөх ёслолд оролцсон юм. Үүнтэй холбогдуулан АНУ-аар дамжин өнгөрөх нислэгийг эрс эсэргүүцэж байгаагаа БНХАУ-ын ГХЯ мэдэгдэж байв.


Лай Циндэ бол Тайваний эрх баригч Ардчилсан дэвшилтэт намын гишүүн бөгөөд 2024 оны нэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гол хүмүүсийн нэг юм.




Холбоотой мэдээ