Энэтхэгт аадар борооны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-08-15 09:02:43

ШИНЭ ДЕЛИ. /AFP/. Энэтхэгт хүчтэй аадар бороо орсны дараа үер болж, хөрс нурсны улмаас 58 хүн амиа алдаж, олон хүн сураггүй болоод байгаа тухай тус улсын эрх баригчид даваа гарагт мэдээлжээ.


Энэтхэгийн хойд нутгийн Химачал-Прадеш, Уттаракханд мужуудад хүчтэй аадар бороо олон хоногийн турш үргэлжлэн орсны улмаас автомашинууд урсаж, барилга байшин сүйдэж, гүүрүүд нуржээ.


Тус улсад борооны улирлын үеэр үер болж, хөрс нурах нь түгээмэл бөгөөд ихээхэн хохирол учруулдаг. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн тэдгээрийн давтамж улам нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.


Химачал-Прадешт мужид гэхэд, сүүлийн 24 цагийн хугацаанд 50 хүн амиа алдсан байна. Тэдний ес нь мужийн нийслэл Шимла хот дахь хиндү шашны сүм нурах үеэр амиа алджээ.


“Урьд нь ийм их бороо орж, 24 цагийн дотор 50 гаруй хүн амиа алдсан тохиолдол бүртгэгдэж байгаагүй. 20 орчим хүн нурангин дор гацаад байгаа тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй” гэж Химачал-Прадеш мужийн тэргүүн сайд Сукхвиндер Сингх Сукху даваа гаргийн орой орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.


Харин хөрш залгаа Уттаракханд мужид өнгөрсөн баасан гаргаас хойш найман хүн амиа алдсан тухай холбогдох албаныхан мэдээлээд байна. Гамшигт өртсөн мужуудад гол замууд эвдэрч, цахилгаан шугам, харилцаа холбооны сүлжээ тасалдсаны улмаас олон мянган хүн үерт боогджээ. 

 


Холбоотой мэдээ