Бангладешт денге чичрэгийн өвчлөл нэмэгдэж буйг ДЭМБ анхааруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
odondarjaa@montsame.gov.mn
2023-08-14 16:50:58

ДАКА. /Xinhua/. Бангладеш улсад денге чичрэгийн цочмог халдварт өвчлөл ихсэж байгаа тул Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) халдвар тээгч шумуулын тоо толгойг хянах, шумуулнаас хамгаалах түрхлэг, цацлага  хэрэглэх, урт ханцуйтай хувцас өмсөх зэргээр ​​халдварт өртөх  эрсдэлийг бууруулах арга хэмжээ авахыг уриалжээ.


Зургаадугаар сарын сүүлчээс эхлэн хурдацтай газар авч буй энэ өвчний улмаас 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 7-ны дотор нийт 69,483 тохиолдол бүртгэгдэж, 327 хүн нас барж, нас баралтын хувь 0.47-д хүрсэн тухай ДЭМБ-аас баасан гарагт гаргасан тайланд дурдсан байна. Денге чичрэг өвчний тохиолдол Бангладеш улсын бүх 64 засаг захиргааны нэгжийн нутагт бүртгэгджээ.


Долоодугаар сард 43,854 тохиолдол бүртгэгдэж, 204 хүн нас барсан нь нийт тохиолдлын 63 хувь, нас баралтын 62 хувийг эзэлж байна. Өвчлөлийн тоо огцом өссөн нь сүүлийн таван жилд  тохиолдож буй денге өвчний  ноцтой дэгдэлт гэдгийг ДЭМБ анхааруулжээ.


"Их хэмжээний хур тунадас орж, хэт халж, чийг ихтэй  байгаа учраас Бангладеш даяар шумуул олширч, денге чичрэг өвчний тархалт нэмэгдэж байна" гэж тайланд дурджээ.


Aedes шумуулаар дамждаг денге чичрэг өвчин нь вирусын гаралтай цочмог халдварт өвчин бөгөөд өвчин гэнэт  халуурах, толгой хүчтэй өвдөх, булчин, үе мөч өвдөх,  дотор муухайрах, бөөлжих, тууралт гарах зэрэг шинжээр илэрдэг.

Холбоотой мэдээ