Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын талаарх мэдээллийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batbold.sh@montsame.gov.mn
2023-08-14 07:54:56
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын асуудлаар гаргасан иргэн О.Батхүүгийн мэдээллийг хүлээж авах боломжгүй гэж үзжээ.


Тодруулбал, иргэн О.Батхүү Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 21 дүгээр зүйлийн 21.23 дахь заалтад “Малчин, туслах малчин энэ хуулийн 7.7-д заасны дагуу даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс сар бүр төлнө. Улсын төсвөөс хариуцан төлөх хугацаа 5 жилээс ихгүй байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн агуулга бүхий мэдээллийг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж  гаргажээ.


Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ нь 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хүчин төгөлдөр болоогүй, Улсын Их Хурал  “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлээгүй байх тул дээрх иргэний мэдээллийг хүлээн авах боломжгүй гэж  үзсэн байна.

Холбоотой мэдээ