Цагаан баавгайнуудад бүслэгдсэн эрдэмтдэд хоол хүнс хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
sarnai@montsame.mn
2016-09-15 11:48:38

МОСКВА. /BBC/. Арктик дахь Тройной бүсийн цаг уурын станц дээр бараг долоо долоо хоногийн турш цагаан баавгайнуудад бүслэгдээд байгаа эрдэмтдэд  шаардлагатай хоол хүнс, тусламжийн эд зүйлсийг хүргэжээ.

Тус станцын дарга Вадин Плотниковын хэлснээр, 10 настай цагаан баавгай 4 бамбаруушийн хамт станцыг 8 дугаар сарын 31-нээс хойш хүрээлээд байгаа аж. Энэ хугацаанд эрдэмтэд ажиглалт судалгаа хийх боломжгүй болсноос гадна цагаан баавгайнууд нэгэн эрдэмтний нохойг барьжээ.

Эрдэмтэд баавгай болон бусад амьтдыг айлгах хурц гэрэл гаргах гар чийдэн илгээхийг хүссэн байна. Уг цаг уурын станцыг эзэмшиж буй Төрийн хяналтын сүлжээнд ажилладаг Василий Шевченко ярихдаа "Арктикийн хөлөг онгоц ойролцоох аралд хүрсэн бөгөөд тэндээс эрдэмтдэд өгөх хоол хүнс, мөн 2 нохойг нисдэг тэргээр зөөж хүргэнэ" гэжээ.

“Эрдэмтдийн биеийн байдал сайн байгаа. Нэгэн цагаан баавгай бамбарууштайгаа хамт станцын цонхны доор хэд хоносон гэж эрдэмтэд хэлсэн. Бид тэднийг маш их болгоомжтой байж, гадагш гарахгүй байхыг анхааруулсан” гэж  В.Шевченко ярьжээ.

Цагаан баавгай бол дэлхийн хамгийн том махчин амьтан юм. Түүний биеийн жин нь 800 кг хүрдэг ажээ.

Дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах сангаас мэдээлснээр, цагаан баавгай нь маш эмзэг амьтан гэнэ. Цаг уурын өөрчлөлтийн улмаас идээшлэдэг газар нутаггүй болж байгаа нь тэдэнд тулгарч буй хамгийн том аюул болж байна.

Х.Сарнай

Холбоотой мэдээ