"UB Festival Orchestra" наадамд олон улсын хөгжимчид урилгаар оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.tuul@montsame.gov.mn
2023-08-09 08:31:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "UB Festival Orchestra" наадам энэ сарын 14-23-ны өдрүүдэд Улсын филармонид болно. Тус наадмыг зохион байгуулагчид энэ жил олон улсын хөгжмийн фестиваль болгон өргөжүүлэхийг зорьж, Хятад, Америк, Казахстан зэрэг орны хөгжимчдийг урилгаар оролцуулахаар болжээ.


Уг наадмыг Монголын сонгодог урлагийн хөгжлийг дэмжих, тэр дундаа хөгжмийн урлагийг хөгжүүлэх, чанар чансааг нь сайжруулах, хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэх, Азийн томоохон хөгжмийн наадмуудын нэг болгох, Монголын нэрт хөгжмийн зохиолчид болон орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг оркестрын түвшинд өндөр гүйцэтгэлтэйгээр аудио, видео хэлбэрээр бичүүлэх, урын санд хадгалуулах зорилгоор зохион байгуулдаг. Мөн цаашид энэхүү фестивалиар дамжуулан мэргэжлийн хөгжимчдийн хамтын ажиллагааг дээшлүүлэх, дэлхийд танигдсан хөгжимчдийг эх орондоо урин концерт, сургалт, семинар, мастеркласс зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг төлөвлөөд байгаа аж.


"UB Festival Orchestra" хөгжмийн наадам нь 2020 онд БНХАУ-ын "Кунмин" олон улсын филармонийн гоцлол хөгжимчин Т.Хуягийн санаачилгаас эхлэлтэй. Тухайн оны есдүгээр сард тус наадмын Ерөнхий удирдаач, уран сайхны удирдагч, БНХАУ-ын ӨМӨЗО-ны урлагийн сургуулийн профессор Б.Лхагвасүрэнгийн удирдлага дор НСУГ, Хүн театр, "Hug-jim" арт агентлаг хамтран анхны төслөө хэрэгжүүлсэн юм. "UB Festival Orchestra-2020" наадам Монгол Улсын филармони, Монгол Улсын консерватори болон олон улсын симфони оркестрт ажиллаж буй хөгжимчид, гадаадын их дээд сургуульд суралцаж буй оюутан залуучуудаас бүрдсэн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр зохиогдож байв. 

Холбоотой мэдээ