Монголчуудын өв соёлын "Даншиг наадам-Хүрээ цам 2023” болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчуудын өв соёлын "Даншиг наадам-Хүрээ цам 2023” Хүй долоо худгийн төв талбайд эхэллээ.
НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан
шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж буй наадмыг даншиг парад,
хязаалан морьдын уралдаанаар эхлүүлж, цам харайх ёслол, хүчит бөхийн барилдаан,
монгол үндэсний хувцасны үзүүлбэрээр үргэлжлүүлэн, “Сити оф номадс” шоу тоглолтоор
өндөрлүүлэх юм.
Энэ үеэр “Хүрээ цам
ба Майдар” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, үндэсний сурын харваа, шагайн
харваа, морьт харвааны тэмцээн, монгол туургатны уран бүтээлчдийн болон
дүүргүүдийн авьяастнуудын тоглолт сонирхуулж, Монгол туургатны эрдэмтэн
судлаачдын “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Мөн ЖДҮ эрхлэгчдийн болон цагаан идээний үзэсгэлэн худалдаа гаргаж байгаа.
Даншиг наадам нь 1639 онд анх Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон үйл ажиллагаа болжээ.
Монголчуудын өв соёлын "Даншиг наадам-Хүрээ цам 2023” маргааш Хүй долоон худагт хоёр өдрийн турш үргэлжилнэ.