Ази тивийн 28 улс төрийн намын төлөөлөл Улаанбаатар хотноо чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VI хурал, Эмэгтэйчүүдийн VII хурал энэ сарын 4-7 өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VI хурал “Цар тахлын дараах нийгэм эдийн засгийн ахиц дэвшлийн төлөөх нийгмийн яриа хэлэлцээнд залуучуудыг оролцуулах нь”, Эмэгтэйчүүдийн VII хурал “Цар тахлын дараах сэргэлтийг жендэрийн мэдрэмжтэй болгохын тулд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих нь” сэдвийн дор тус тус зохиогдоно. Өөрөөр хэлбэл, энэхүү хурлын үеэр улс төрд залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн идэвхжүүлэх вэ, цар тахлын дараа эмэгтэйчүүд залуучуудад эдийн засгийн ямар дэмжлэг үзүүлэх бололцоотой вэ зэрэг асуудлыг хэлэлцэхээс гадна бусад улс орны улс төрийн намуудын туршлага судлах боломж нээгдэх юм. Цар тахлын улмаас хоёр жил хойшлоод байсан уг хуралд 21 орны 28 улс төрийн намын төлөөлөл оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Тухайлбал ОХУ, БНХАУ, БНСУ, Турк, Вьетнам, Лаос, Индонез, Филиппин, Пакистан, Малайз, Ирак, Гүрж, Мьянмар, Непал, Шри Ланк, Тайланд, Бангладеш зэрэг Азийн улс орнуудаас гадна Африк тивээс Гана, Европ тивээс Испанийн улс төрийн намын төлөөлөл ирсэн аж.
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг 2000 онд Азийн улс төрийн олон өөр үзэл баримтлалтай улс төрийн намуудын хамтын ажиллагааг сурталчлан таниулах, улс орнуудын илтгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулж, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцааг идэвхжүүлэх зорилгоор эхлүүлсэн. Тус байгууллагын нөлөө жилээс жилд өссөөр 2018 оны байдлаар бүс нутгийн 52 орны 350 гаруй улс төрийн нам гишүүнээр элсээд буй. БНСУ-ын Сөүл хотноо төвтэй Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал /ICAPP/-д улс төрийн намууд үзэл баримтлал хамаарахгүйгээр нэгдсэн гэдгээрээ онцлог. Энэ ч утгаар Монгол Улсаас Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН тус байгууллагын гишүүн улс төрийн хүчнүүд юм. Монгол Улсаас хамгийн анх Монгол Ардын Нам 2004 оноос тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2013 оноос эхлэн Байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Пак Ро Бюун 2019 оны зургаадугаар сард Монгол Улсад айлчилсан. Энэ үеэр Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай уулзсан бөгөөд уулзалтын үеэр 2020 оны дөрөвдүгээр сард Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VI, Эмэгтэйчүүдийн VII хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах санаачилгыг гаргасан юм. Уг санаачилгыг Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 13-нд Малайз улсад зохион байгуулагдсан 33 дугаар хурлаар зөвшөөрчээ.