Хөвсгөлд 130 орчим хөрөө рам ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-15 00:27:07

Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар 130 орчим хөрөө рам үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт хөрөө рамын 80 орчим хувь нь гэр хороолол дунд байгаа учраас иргэдийн ая тухтай амьдрах эрх зөрчигдсөөр байна.

Хөрөө рамуудыг үйлдвэр үйлчилгээ явуулах бүсэд нүүлгэн шилжүүлэх гэтэл газар болон цахилгааны асуудал шийдэхгүй байгаа учраас гэр хороолол дундаа ажилласаар байгаа гэдгийг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Р. Жаргалсайхан хэлж байв. Мөн иргэдийн сэтгэлд нийцэж стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг хөрөө рам цөөхөн байгаа нь хөрөө рамын үйл ажиллагааг зохицуулсан тодорхой дүрэм, журам байдаггүй энэ талаар хуулинд ч тодорхой заалт байдаггүйтэй холбоотой гэнэ. Тухайлбал хөрөө рамыг ажиллуулж байгаа  иргэд ихэвчлэн өөрийн хашаандаа буюу гэр хороолол дунд үйл ажиллагаагаа явуулдаг нь иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөл бололцоог алдагдуулаад зогсохгүй мод модон эдлэлээс галын аюул нүүрлэж болзошгүй орчинд ажилладаг байна.

Энэ асуудлыг шийдэх зорилгоор Хөвсгөл аймагт хөрөө рам ажиллуулах журмыг аймгийн ИТХ-ын 34-р тогтоолоор баталсан боловч үйл ажиллагааг  зохицуулах 13 заалт бүхий журмын хэрэгжилт төдийлөн хангалтгүй хэрэгжилт 10 хувьтай байгаа ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ