Өвлийн бэлтгэл ажил алаг цоог байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
norovsambuu@montsame.mn
2016-09-14 16:34:26

Дархан-Уул аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сум орон нутгийн болон аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хурал боллоо.

Хурлаар энэ өвөл хүндэрч мэдэх газруудаа нээлттэй хэлэлцэж зохих шийдвэрүүд гаргав. Өвлийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг Дархан, Орхон, Шарын гол, Хонгор сумдад очиж ажилласан бол аймгийн боловсрол, эрүүл мэнд, инженерийн шугам сүлжээ хариуцсан байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэлтэй танилцаж үүрэг чиглэлийг өгч ажилласан талаар ажлын хэсгийн ахлагч аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд мэдээлэл хийсэн юм.

Уг мэдээлэлд Хонгор, Орхон сумын “Мөнхийн илч”, “Орхон дэлгэр” зэрэг компаниудын өрлөг дулаалга, шугам сүлжээний засварын ажлууд хэвийн явагдаж байгаа бол Шарын гол сумыг дулаанаар хангадаг “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн зуух галлахад бэлэн болсон хэдий ч зайлшгүй хийх шаардлагатай засварын дөрвөн ажил тухайлбал, ремень солих, сүлжээний насос авах, хүйтэн усны төв шугам хэсэгчлэн солих, зуухны оролтын автомат солих зэрэг ажлууд хөрөнгө мөнгөнөөс шалтгаалж хойшлоод байгааг эс дурдвал тус сумын өвөлжилтийн бэлтгэл 87.6 хувьтай явагдаж байна гэв.

Дархан сумын өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай төлөвлөгөөний дагуу ажлуудаа гүйцэтгэж дулаанаа цаг тухайд нь авах албан даалгаврыг өгч ажиллажээ. Өвлийн улиралд эн тэргүүнд тавигддаг асуудлуудын нэг нь нүүрс, түлш байдаг. Тус сумын нийт өрхийн 55 хувь нь гэр хороололд оршин суудаг учир чанартай, хямд нүүрсээр хангахын тулд “Шарын гол” ХК-тай гэрээ байгуулснаар тус компани Дархан хотод 40 цэгээр нэг шуудайг нь  4000 төгрөгөөс доош үнээр борлуулахаас гадна 15 дугаар багт зөвхөн “Эко түлш”-ийг өрхүүдэд хэрэглүүлэхээр болж байгаа тухай Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал ярилаа. Шуурхай хурлаар инженерийн шугам сүлжээ хариуцсан байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангасан талаар товч мэдээлэл хийлээ. Тухайлбал, “Дархан Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн хувьд өвөлжилтийн бэлтгэл 85.6 хувьтай байгаа бол их засварын ажил 98 хувьтай. Аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах, төлбөр тооцоо барагдуулах ажлууд хийгдэж байгаа хэдий ч гүйцэтгэлийн хувь хангалтгүй байгаа тухай ерөнхий инженер Ч.Бат-Эрдэнэ мэдээлэлдээ дурдав.

Мөн одоогийн байдлаар тус байгууллагад нийтийн орон сууцны айл өрхүүдээс авах 1.6 тэрбум төгрөгийн төлбөрийг барагдуулахгүй байна гээд үүнээс болж хөрөнгө мөнгө дутагдаж шугам, сүлжээний засварын ажлуудад хүндрэл учирч байгааг иргэдэд анхаарууллаа. Өвлийн бэлтгэлийг хангуулах ажлын хүрээнд салбар бүрт хэрэгжиж буй ажлуудыг ирэх сарын 1-ний дотор бүрэн хангахыг аймгийн Засаг дарга С.Насанбат холбогдох албаныханд үүрэг болгов.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ