М.БАЯРМАГНАЙ: "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Монгол Улс эрчим хүчний хөгжлийн 22 төсөл хэрэгжүүлнэ

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2023-07-05 10:39:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайтай эрчим хүчний салбарын талаар ярилцлаа.


-Эрчим хүчний салбар улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахуйц түрүүлж хөгжих гол салбар. Манай эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ жилд дунджаар 6-7 хувийн өсөлттэй байгаа. Жил бүрийн энэхүү өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд Монгол Улс бодлогоо хааш нь чиглүүлж байна вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Улс орны эдийн засагт өндөр ач холбогдол бүхий уул уурхай, зам тээвэр, үйлдвэрлэл технологийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эхлүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цаашлаад төв суурин газар болон дагуул хотууд,  шинэ суурьшлын бүсийг бий болгоход эрчим хүчний салбарыг түүчээлэн хөгжүүлэх шаардлагатай байгаа. Эдгээр зорилтуудыг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогуудад тусгаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улс баруун, төв, өмнөд болон дорнод бүс, Алтай-Улиастай гэсэн таван эрчим хүчний системд холбогдсон. Нийт 330 гаруй сум, суурин газруудыг төвлөрсөн эрчим хүчний системээс хангаж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг нөөц боломжийнхоо хүрээнд бүрдүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын хэмжээнд 2022 оны гүйцэтгэлээр 10.3 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 9.3 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг түгээсэн. Нийт түгээсэн цахилгаан эрчим хүчний 79.3 хувийг дотоодын эх үүсвэрээс, 20.7 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр хангаж байна.

Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөж байгаа. Дунджаар жилд 7-8 хувиар өсч байгаа бол дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ дунджаар 6-7 хувиар өссөн нь боломжит хүчин чадалдаа тулсан. Тиймээс өнгөрсөн жилүүдэд Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын 89 МВт-ын өргөтгөл шинэчлэл, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 МВт-ын өргөтгөлийн төслүүд дуусаж, ашиглалтад орсон нь энэхүү хэрэглээний өсөлтийг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэлээ.

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын тулд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан төсөл арга, хэмжээнүүд чухал үүрэгтэй. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал хоёр дахин, дамжуулах шугам сүлжээний хүчин чадал мөн хоёр дахин нэмэгдэх юм.

Эн тэргүүнд, Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд Батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлж, энэ оны сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн ОХУ-аас авах боломжит эрчим хүчний дээд хязгаарт тулсан нөхцөлд төвийн бүсийн нэгдсэн сүлжээндээ БНХАУ-аас эрчим хүч импортлох яриа хэлэлцээг эхлүүлсэн. Одоогоор 80 МВт хүртэл хүчин чадал бүхий эрчим хүч авахаар ярилцаж байна. Энэ нь 2024-2025, 2025-2026 онд ихээхэн хувь нэмэр болно. Түүнчлэн 2025 оноос Бөөрөлжүүтийн 300 МВт-ын цахилгаан станц, 2026 оноос Багануурын 400 МВт-ын цахилгаан станц, мөн Тавантолгойн ДЦС-ын 300 МВт-ын цахилгаан станцыг ашиглалтад оруулна. 2028 оноос ДЦС-3-ын 50 МВт-ын өргөтгөлийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Харин 2030 оноос ДЦС-3-ын 300 МВт-ын өргөтгөл орно. Үүний зэрэгцээ Дорнод бүсэд Чойбалсангийн 50 МВт-ын дулааны цахилгаан станцын өргөтгөл 2024 онд, Баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 2027 онд ашиглалтад орно. Эдгээр төслүүд нэн тэргүүний зорилтот төслүүд болж байгаа бөгөөд үүний зэрэгцээ төлөвлөж, тооцож буй олон төсөл бий. 


-УИХ-ын Төсвийн байнгын хороогоор татвараас хөнгөлөх хоёр хуулийн төслийг дэмжсэн. Уг хуулийн төслүүд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний салбарт дэмжлэг үзүүлэх аж ахуйн нэгжүүдийг татвараас хөнгөлөхөд чиглэж буй. Татварын хөнгөлөлтийн босгыг 1.5 МВт гэж тусгасан. Энэ нь эрчим хүчний салбарт бодитой дэмжлэг болж чадах уу?

-Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль санаачилж УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хоёр хуулийн төсөл өөр, өөрийн гэсэн онцлогтой. Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар өсөн нэмэгдэж буй хэрэглээний өсөлтийг хангах эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой. Ингэснээр эрчим хүчний хангамжийн хүртээмжтэй байдал дээшилж, эдийн засгийг тэлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь дотоодод үйлдвэрлэх боломжгүй эрчим хүчний тоног төхөөрөмжийг гаднаас импортлоход эх үүсвэрийн томоохон төслүүдэд дэмжлэг болно. Харин аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөл нь эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дотоодын компаниудыг дэмжих, импортыг орлох эрчим хүчний үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх эрх зүйн орчныг шинээр бий болгоход чиглэсэн.


-Манай улс жилийн дөрвөн улиралтай, халаалтын улирал урт хугацаанд үргэлжилдэг дэлхийн цөөхөн улсын нэг. Нэг хэсэгтээ нүүрсний хэрэглээ эрчим хүчний салбарт байх нь дамжиггүй. Тэр утгаараа одоо ажиллаж байгаа хатуу түлшээр галладаг дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх, дулааны цахилгаан станц шинээр барих шаардлага бий. Гэхдээ Засгийн газраас дэвшүүлсэн шинэчлэлийн бодлого, эрчим хүчний салбарт хэр урагштай хэрэгжиж байна вэ?

-УИХ-ын 2021 оны намрын чуулганаар Монгол Улсын Засгийн газраас санаачилсан улсын эдийн засгийн болон бүтээн байгуулалтын хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг шийдвэрлэж, эдийн засгаа сэргээх, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлан гаргасан. "Шинэ сэргэлтийн бодлого"-д улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэг нь эрчим хүчний салбар төдийгүй эдийн засгийн суурь дэд бүтэц, үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдолтой, хөгжлийн тэргүүлэх салбар гэдгийг онцлон үзэж, эн тэргүүнд хөгжүүлэх тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн. Тодруулбал, эрчим хүчний сэргэлтийн таван зорилтыг дэвшүүлж, эдгээр зорилтод хүрэх 13 арга хэмжээ, 22 хөгжлийн төслийг төлөвлөсөн.


-Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр урт, дунд хугацааны бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн орчинд тодорхой өөрчлөлтүүдийг тусгаж ирсэн. Тухайлбал, Салхины цахилгаан станцын 15 МВт-ын хоёр, нарны цахилгаан станцын 35 МВт-ын дөрвөн төсөл хэрэгжүүлнэ гэсэн. Энэ төслүүд ямар шатандаа байна вэ?

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль 2007 онд батлагдсанаар өнөөгийн түвшинд Монгол Улсын хэмжээнд нийт 260 МВт-ын нар, салхины цахилгаан станц ашиглалтад орсон. Үүнээс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 90 МВт-ын нийлбэр чадалтай 6 нарны цахилгаан станц, 155 МВт-ын нийлбэр чадалтай 3 салхины цахилгаан станц нэгдсэн сүлжээнд холбогдсон. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хэрэгжилтийг хангах хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, Японы хамтарсан кредит олгох механизмын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймагт нийт 40.5 МВт-ын нарны 3, салхины 1 цахилгаан станцыг Алтай-Улиастай эрчим хүчний системд холбох юм. Мөн эрчим хүчний системд анх удаа цэнэг хураагуурын станцуудыг барьж байгуулахаар ажиллаж байна. Цаашид нар, салхины цахилгаан станцыг шинээр барьж байгуулах тохиолдолд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд 2019 онд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлэх юм.


-Тавантолгой ордыг түшиглэн байгуулах Тавантолгойн цахилгаан станцын төслийн явцын талаар Та ямар мэдээлэл өгөх вэ?

-Монгол Улсын эдийн засагт хамгийн чухал ач холбогдол бүхий төсөл бол Тавантолгойн ДЦС-ын төсөл. Энэ станц баригдсанаар Оюутолгойн эрчим хүчийг дотоодоос хангаж, импортын эрчим хүчний төлбөрт төлж буй 110-120 сая ам.доллар дотооддоо үлдэнэ. Мөн экспортын шаардлага хангахгүй байгаа хүрэн нүүрсийг эрчим хүч үйлдвэрлэж, эдийн засгийн эргэлтэд оруулна. Станцын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оноос хойш хоёр удаа зохион байгуулсан ч амжилтгүй болсон. Иймд амжилтгүй болсон шалтгааныг судлан эхний ээлжид 300 МВт хүчин чадлаар ашиглалтад оруулах, гүйцэтгэгч сонгон шалгаруулахдаа “EPC+Financing” хэлбэрээр санхүүгийн нээлттэй нөхцөлөөр зохион байгуулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Тавантолгой дулааны цахилгаан станцын нийт хөрөнгө оруулалтын 30 хувийг санхүүжүүлэх тухай тогтоолын төсөл боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн. Тендерийг 2023 оны зургадугаар сарын 12-ны өдөр зарлаад байна. Тун удахгүй гүйцэтгэгч шалгарах байх.


-Манай улс анхдагч эрчим хүчний хувьд баялаг ихтэй. Нүүрс, газрын тос, уран, сэргээгдэх эрчим хүчний тогтоогдсон нөөц болон шатдаг занар, байгалийн хийн баялаг гээд нэрлэж болно. Тиймээс байгаа боломжоо ашиглан импортыг халж, экспортоо тэлэхэд Монгол Улс юуг анхаарах ёстой вэ. Экспортлогч орон болоход бид хэдэн жилийг зарцуулах вэ?

-Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, хүрэн нүүрс, уран зэрэг эрчим хүчний анхдагч нөөцтэй орнуудын нэг. Эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн эзлэх хувь жил бүр нэмэгдэж байгаа. Өнөөдөр нар, салхины станцууд системийн нийт суурилагдсан хүчин чадлын 18 хувийг эзэлж байна. Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан эрчим хүчний хөгжлийн 22 төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадал 1765 МВт-аар нэмэгдэнэ, 2030 оны түвшинд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны зорилго, зорилт бүрэн хангагдаж цаашид цахилгаан эрчим хүч экспортлох боломж бүрдэх юм. 


-Ингэхэд Эрчим хүчний талаар баримтлах бодлогод төрөөс анхаарах, сайжруулах ямар асуудлууд байгаа вэ?

-Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбар шинэ сорилттой тулгарч байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дэлхийн дулаарал эрчимтэй нэмэгдэж, үүнтэй холбоотой асуудал хурцаар тавигдаж, дэлхийн улс орнуудын хэмжээнд цэвэр эрчим хүчний шилжилт явагдаж байна. Нүүрсээр ажиллах дулааны болон цахилгаан станцуудыг шинээр барих, хүчин чадлыг өргөтгөх төслийн санхүүжилтийн асуудал улам бүр хумигдмал, хүндрэлтэй болж байна. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой хөгжүүлэх, шинэ эрчим хүчний эх үүсвэрүүдийн судалгаа шинжилгээг эхлүүлэхээр болсон. Мөн эрчим хүчийг хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх, зүй зохистой хэрэглээг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээг олон улсын жишигт нийцсэн стандарт, техникийн зохицуулалтаар хангах, эрдэм шинжилгээний ажлын өгөөж, үр ашгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах юм.


-Монгол Улсын эрчим хүчний салбар нь газар нутгийн алслагдмал байдал, дэд бүтцийн хөгжлөөс хамааран өвөрмөц онцлогоор хөгжүүлэхээс өөр аргагүй. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах Парисын хэлэлцээрт Монгол Улс хүлэмжийн хийг бууруулна гэж амласан. Энэ амлалттай эрчим хүчний салбар бодлогоо хэр уялдуулан ажиллаж байгаа вэ?

-Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийн хүрээнд Эрчим хүчний салбар хүлэмжийн хийн ялгаралтыг 2030 он гэхэд 4.9 сая тонн нүүрстөрөгчийн давхар ислээр бууруулахаар төлөвлөсөн. Эрчим хүчний салбараас хоёр чиглэлээр хүлэмжийн хийг бууруулахад анхаарна. Нэгдүгээрт, Монгол Улсын эрчим хүчний салбарыг илүү байгальд ээлтэй болгохын тулд хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2030 онд 30 хувьд хүргэх зорилт тавьсан. Хоёрдугаарт, Эрчим хүчний хэмнэлт хийх зорилгоор Засгийн газрын 2023 оны 67 дугаар тогтоолоор Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго хэмжээг шинэчлэн тогтоосон. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлснээр жил бүр 100 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч хэмнэх бололцоо бүрдэх юм. Энэ нь 65 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг барьж байгуулсантай дүйцэх хэмжээ бөгөөд СО2 (нүүрсхүчлийн давхар исэл) -ийг жилд 96 мянган тонноор бууруулна.


-“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Зүүн хойд Азийн орнуудтай хамтран Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний санаачилгыг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэ хүрээнд ямар ажил өрнөж байна вэ?

-Бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хангамжийг сайжруулах Азийн супер сүлжээнд Монгол Улс нэгдэх боломж, арга замыг тодорхойлж, нарийвчилсан төлөвлөгөө гаргах ажлын хүрээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 22-нд Азийн хөгжлийн банктай санамж бичиг байгуулж, “Зүүн хойд Азийн эрчим хүчний системийн харилцан холболтын стратеги” төслийн хоёрдугаар үе шатны ТЭЗҮ-ийг хийж хэрэгжүүлэхээр тогтсон. Азийн хөгжлийн банкнаас дээрх судалгааг хийх Гадаад зөвлөхүүд болон дотоод зөвлөхүүдийг сонгон шалгаруулахаар ажиллаж байна. Тус төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг энэ онд бэлэн болгож, төслийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргах юм.


-Эрчим хүчний салбарт инновац, дэвшилтэт техник, ухаалаг технологийг нэвтрүүлж, санхүүгийн бие даасан, үр ашиг, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Үүнд эрчим хүчний салбарынхан ямар ахиц дэвшил гаргаж байгаа вэ?

-Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Засгийн газраас эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2023 онд 20 хувьд хүргэж нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Манай улс 2,600 ГВт нар, салхины эрчим хүчний эх үүсвэрийг суурилуулж ашиглах боломжтой бөгөөд энэ нь жилд 5.457 ТВт.ц (тераватт цаг) байгальд ээлтэй цэвэр эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал юм. Энэхүү нөөцөөр эрчим хүчний дотоодын хэрэглээг бүрэн хангаад зогсохгүй эрчим хүч дамжуулах дэд бүтцийг оновчтой шийдсэн тохиолдолд Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний эрэлтийг хангах боломжтой. Мөн "Шинэ сэргэлтийн бодлого"-д сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, улмаар экспортын зориулалтаар хөгжүүлэх, Устөрөгчийн эрчим хүч, Цөмийн эрчим хүчний чиглэлээрх судалгааны төслүүдийг нэвтрүүлэх, ОХУ-аас БНХАУ руу татах байгалийн хийн хоолойг өөрийн орны хэрэгцээнд ашиглах төслүүдэд анхаарч хөгжүүлж байна.

Холбоотой мэдээ