БАЯНХОНГОР: Э.Эрхэс 13 алтан медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-29 14:00:01

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн спортын VII наадамд Хан-Уул дүүргээс оролцсон 15 настай тамирчин Э.Эрхэс усанд сэлэлтийн 13 алтан медаль хүртэж, Хүүхдийн спортын наадмын гол баатраар тодорлоо.


Энхтөрийн Эрхэс Улаанбаатар хотын Орчлон сургуулийн сурагч бөгөөд 2016 оноос хойш усанд сэлэлтээр хичээллэж байгаа, "Сэлэм загас" клубийн тамирчин.


Тэрээр өнгөрсөн сард Орхон аймагт болсон өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 14 зайд 14 алтан медаль хүртэж үнэмлэхүй амжилт тогтоосон байна. Мөн ОХУ, АНУ, Малайз, БНХАУ-д болсон өсвөр үеийн олон улсын тэмцээнээс олон медаль хүртсэн амжилттай.  


Ийнхүү Э.Эрхэс Монголын Хүүхдийн спортын зуны VII наадмын усанд сэлэлтийн 13 төрөлд 13 алтан медалийн эзэн болсон байна.



Зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд “Усан бассейн спортын ордон”-д болсон тус тэмцээнд 18 багийн 91 тамирчин араар даллах, өврөөр даллах, мэлхий сэлэлт, далайн гахай сэлэлт гэсэн төрөлд 50, 100, 200 метрийн зайд нийт 27 багц медалийн төлөө өрсөлдсөн байна.


Усанд сэлэлтийн төрөлд Хан-Уул дүүргийн тамирчид 18 алт, 12 мөнгө, 6 хүрэл медаль нийт 36 медальтайгаар тэргүүлж, Орхон аймаг 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл, Сүхбаатар дүүрэг 3 алт, 5 мөнгөн медальтай удаалав.


Тэмцээний үеэр Баянзүрх дүүргийн тамирчин Ц.Аяс араар даллах сэлэлтийн 100 метрийн төрөлд 1:13.81 амжилттайгаар спортын дэд мастерын болзол хангажээ.

Холбоотой мэдээ