Хөрсөө хамгаалж байж хүнээ хамгаална

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-06-27 08:34:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай орны хувьд хүнсний хангамжийн аюулгүй байдлын асуудлыг онцгойлон анхаарах хэмжээнд хэдийнээ хүрснийг эрдэмтэн судлаачид анхааралдаа авч салбар бүрийн судалгаа шинжилгээн дээр үндэслэн хэлэлцүүлэг өрнүүллээ.


Монголын Анагаах ухааны академи, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи хамтран энэ арга хэмжээг өчигдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан юм. Энэ нь “Алсын хараа-2050” бодлогын нэг зорилт болох “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдэж буй ажлын нэг хэсэг нь гэж ойлгож болох юм.

Хүнс тэжээлээр дамждаг өвчлөл нь тухайн улс орны эрүүл мэндийн тогтолцоо хийгээд эдийн засаг, цаашилбал аялал жуулчлал, мөн бусад салбарт ч сөргөөр нөлөөлдөг уршиг ихтэй.  ДЭМБ-ын судалгаанд ч энэ төрлийн өвчлөл нь улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн саад учруулж байгааг дурдсан байдаг. Энэ ч утгаараа дэлхийн улс орнууд хүнсний аюулгүй байдалдаа ялангуяа сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарах болсон байна. Манай улсын хувьд энэ тал дээр бодлогын хэмжээнд анхаарч байгаа нэг алхам нь энэхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн.


Хөрсний доройтол, түүнийг нөхөн сэргээх дэвшилтэт аргууд, хүнсний аюулгүй байдал, хүнсний зохистой хэрэглээ, пестицидийн хэрэглээ, хяналт, нийгэмд чиглэсэн зөвлөгөө гэх мэт асуудлаар эрдэмтэн судлаачид санаа бодлоо солилцсон юм. ШУА-ийн Хими, биологи болон Геологи, газарзүй, байгаль орчны салбарын эрдэмтэд хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлс, сөрөг асуудлыг шийдэх боломж бололцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, судалгаа шинжилгээний ажлуудаасаа танилцуулав.


Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах, бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, газрын үржил шимийг сайжруулах замаар хүнсний аюулгүй байдалдаа анхаарахад эрдэмтэн судлаачдын хувь нэмэр их. Манай орны бохирдсон, үржил шим буурсан хөрсний чанарыг сайжруулахад шинжлэх ухааны ямар аргуудыг хэрэглэвэл тохиромжтой, ингэснээр хүний эрүүл мэндэд ямар эерэг нөлөө үзүүлж болохыг Монгол эрдэмтэд судалж, боломж эрэлхийлж байна.


Дээрх хэлэлцүүлгийн үеэр Монголын Анагаах ухааны академийн захирал, Академич Ш.Болд Монгол эмч, маарамбууд эртний судруудад хүнсний зохистой хэрэглээ, шим тэжээлтэй холбоотой мэдээллийг хэрхэн өгүүлж байсан талаар, өнөө цагийн эмч эрдэмтэд өвчин эмгэгийг эдгээн илааршуулах тэрхүү аргуудаас анагаах ухаанд уламжлан хэрэглэж байгаа тухай сонирхолтой илтгэл тавьсан юм.

Анагаах ухаанд мэргэшсэн эрдэмтэн Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788), Цахар гэвш Лувсанчүлтэм (1740-1810), Монгол эмийн ухаантан, Тойн Жамбалдорж (1792-1855) нарын өвчнөөс гэтэлгэх их эрдмийг судар номд хэрхэн тэмдэглэн үлдээсэн байдгийг эш баримттайгаар танилцуулан үзүүлж байв. Монголын Уламжлалт эм эмнэлгийн хөгжилд тэдгээр эрдэмтдийн үзүүлсэн нөлөө одоо ч оршин байгааг Академич Ш.Болд онцгойлон хэлж байлаа. Хэдийгээр мэргэдийн үлдээсэн өв эрдэм их ч орчин цагийн хүмүүсийн аж амьдрал, байгаль дэлхийн хувьсан өөрчлөлт, цаг уурын нөхцөл зэргээс хамааран эрүүл ахуйн цоо шинэ нөхцөл байдалд бид хүссэн хүсээгүй шилжиж дасахаас аргагүйд хүрч байгаа билээ. Нэг ёсондоо Монголын агаар хөрс бол эм хэмээгддэг цаг ард улирч, хүнс хоолоо хэрхэн эрүүл байлгах вэ гэдэгт хүн ард, эрдэмтэн мэргэд, төр засаг хамтдаа санаа зовнидог цаг нэгэнт иржээ. Энэ ч утгаараа “Хүнс-Хөрс-Хүн тойрсон асуудал шийдэл” хэлэлцүүлгийг өрнүүлсэн нь энэ юм.

Хүн амын хүнсний хэрэгцээг эрүүл, аюулгүй хүнсээр хангахын тулд Монгол орны нөхцөлд ямар ямар таримал ургамлуудын сортуудыг хөгжүүлэх, ган гачигтай цагт ч тэсвэртэй ургамал тариалдаг болсноор ургацын алдагдлыг бууруулах боломж нөхцөл байгааг салбарын эрдэмтэд илтгэлдээ дурьдаж байв.

Газар хөрс нь ургамал ургаж, хоол хүнс үйлдвэрлэхэд шаардлагатай шим тэжээлийг олж авах үндсэн орчин болдог. Дэлхийн ХХАА-н байгууллагаас (FAO) гаргасан тооцооллоор бол бидний хоол хүнсний 95 хувь нь хөрснөөс гардаг аж. Гэтэл дэлхийн хэмжээнд хөрсний 33 хувь нь доройтож, шим тэжээлийн дутагдлын эрсдэлд орсон байгаа нь дэлхийн хүн амын гуравны хоёрт тулгарч буй томоохон асуудал болж байгаа юм байна. Монгол орны хувьд хөрсөн дэх органик нүүрстөрөгчийн нөөцийн хэмжээ дэлхийн 200 гаруй улсаас 14 дүгээрт эрэмбэлэгддэг байна. Харин Хөрс судлалын салбарын эрдэмтдийн илтгэлд дурдсанаар Монгол орны төв хэсгийн хөрсний органик нүүрстөрөгч сүүлийн 30-40 жилд буурч багассан байгаа аж.  Ийнхүү буурахад нөлөөлсөн шалтгаан нь агаарын температур нэмэгдсэн, хур тунадасны хэмжээ багассанаас гадна нийт малын тоо, тэр дундаа ямаан сүргийн тоо толгой 10.9 дахин нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж болох гэнэ. Тиймээс хөрс хамгаалах, хөрсний элэгдлийг хязгаарлах, үржил шимийг нь дээшлүүлэх, таримлын ургацыг нэмэгдүүлэх зэрэгт ихээхэн анхаарах болсон гэдгийг эрдэмтэд санаа зовнин анхааруулж байна.


Ямартаа ч төр засгийн зүгээс анхаарал хандуулж, хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн стандартыг өндөр хэмжээнд мөрдүүлдэг болох зэрэг наад захын алхмуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхэд анхаарч эхэлсэн байгаа нь нэг талын сайн хэрэг. Харин хүнс үйлдвэрлэл, худалдааны аюулгүй байдлыг хангах, хүн, мал, амьтны эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийтийн ашиг, сонирхлыг хамгаалахад эрдэмтдийн судалгаа дүгнэлтийг үндэслэн, зөвлөгөө тусламжийг нь тусган хэрэгжүүлэх нь чухал байгаа юм.


Мөн түүнчлэн ургамлын өвчин, хог ургамал, хортон шавж, мэрэгчидтэй тэмцэхэд хөдөө аж ахуй, газар тариалан, ахуйн зориулалтаар пестцид хэмээх химийн бодисыг зайлшгүй хэрэглэх шаардлагатай байдаг. Гэтэл хүний эрүүл мэндэд энэ нь тодорхой хэмжээгээр хор нөлөөгөө үзүүлж байдгийг эрдэмтэд сануулах болсон юм. Манай улс бэлчээр, ой, тариалангийн талбайн өвчин, хортон, хог ургамалтай тэмцэхдээ голчлон химийн бодис ашигладаг. Харин дэлхийн улс орнууд химийн бодисын хэрэглээгээ бууруулж, аль болох татгалзахыг эрмэлзэх болсон байна.

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд хэлэлцүүлгийн үеэр, “Монгол Улс газар тариалангийн зориулалтаар 2023 оны байдлаар 221 нэр төрлийн ургамал хамгааллын бодис ашиглаж байгаа нь 2010-2017 оныхтой харьцуулахад 3 дахин өссөн тоо. Химийн гаралтай синтетик пестицүүд нь ургацын алдагдлаас сэргийлэх сайн талтай ч хөнөөлт организмуудыг пестицидэд устахгүй тэсвэртэй болгох, байгаль орчин, хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулах, хүн, амьтны эрүүл мэндэд аюул учруулах үэрэг олон сөрөг нөлөөтэй. Энэ бодисын хэрэглээ бол үндэсний аюулгүй салшгүй нэг хэсэг” гэж байсан юм. 


Манай улсын хувьд төмс, хүнсний ногооны тариалалт жилээс жилд өсөн нэмэгдэж байгаагийн хэрээр пестицидийн хэрэглээ нэмэгдэж байгаа. Тиймээс энэ тал дээр анхаарах нь хүнсний хангамж, аюулгүй байдлын нэг гол хэсэг нь гэсэн үг юм. Энэ мэтээр эрдэмтэд нэгэн дор цуглаж Монголчуудын хүнсний аюулгүй байдалд тулгараад байгаа асуудлуудыг хэлэлцэж, шийдэх гарц, зам чухам юу вэ гэдэгт салбар тус бүрийн эрдэмтэд судалгаан дээр үндэслэн ярилцлаа.


Монгол улс хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 50 орчим хувийг гаднын орнуудаас импортоор авч байгаа тухай тоо баримт бий. Хүнсний импортын 40 ба түүнээс дээш хувь нь импортоос хамааралтай болсон тохиолдолд “Хүнсний бие даасан байдал” алдагдсан гэж үздэг бол манай улсын хувьд энэ үзүүлэлтийг давчихсан яваа гэсэн үг. Тухайлбал 2021 онд 0.96 тэрбум ам.доллар, 2022 онд 1.1 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий хүнсний бүтээгдэхүүнийг импортоор худалдан авсан нь нийт импортын 13-14 хувийг эзэлж байгаа юм. 2022 онд:

  •  71 сая ам долларын мах, махан бүтээгдэхүүн,
  • 66 сая ам.долларын мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, шувууны өндөг,
  • 20 сая ам.долларын хүнсний ногоо,
  • 47 сая ам.долларын жимс, жимсгэнэ,
  • 60 сая ам.долларын амьтан болон ургамлын гаралтай тос, тосон бүтээгдэхүүн,
  • 120 сая ам. долларын гурилан бүтээгдэхүүн,
  • 180 сая ам.долларын үнийн дүн бүхий хүнсний төрөл бүрийн бэлдмэл зэргийг тус тус импортолсон байна.

 

Холбоотой мэдээ