ГОВЬ-АЛТАЙ: Алтайн багачууд Улсын хошой аварга боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг /МОНЦАМЭ/. Мини волейболын улсын аварга шалгаруулах 42 дахь удаагийн тэмцээнд Алтайн багачууд амжилтаа бататган Улсын хошой аварга боллоо.
Тодруулбал, 2023 оны ОУХМ Ж.Хаянхярваа агсны нэрэмжит Мини волейболын УАШ 42 дахь удаагийн тэмцээн Баянхонгор аймагт болсон билээ. Уг тэмцээнд U10 болон U12 насны ангилалд 470 гаруй багийн 2500-аад тамирчин зургаан өдрийн турш өрсөлдсөн юм.
U12 насны ангилалд 156 баг өрсөлдсөнөөс Говь-Алтай аймгийн Э.Эрхэс ахлагчтай "Бату-Тэмүүлэл-1" баг аваргын алтан медаль, U10 насны ангилалд 73 баг өрсөлдсөнөөс Л.Мөнх-Алдар ахлагчтай "Бату-Тэмүүлэл-1" баг мөн аваргын алтан медалийн эзэд болж, Говь-Алтай аймгийн багачууд Улсын хошой аварга "Алтан" медалийн эзэд болов.
Түүнчлэн U10 насны ангилалд Л.Мөнх-Алдар
U12 насны ангилалд Э.Эрхэс нар "Өсөх ирээдүйтэй тамирчид"-аар шалгарлаа.
Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнд Говь-Алтай аймгийн "Бату-Тэмүүлэл" клубээс хоёр насны ангилалд 60 гаруй хүүхэд оролцов. Энэхүү волейболын тэмцээн Хүүхдийн спортын зуны долоодугаар наадмын хүрээнд болсон юм.
Хүүхдийн спортын зуны долоодугаар наадам Баянхонгор аймагт зургаадугаар сарын 19-29-ний хооронд болж байгаа юм. Өнөө жил энэхүү наадам чөлөөт бөх, жүдо бөх, бокс, сагсан бөмбөг, сагсан бөмбөгийн 3x3, уран сайхны гимнастик, хөлбөмбөг, шатар, усан сэлэлт, крикет, буудлага, хүндийг өргөлт, волейбол, самбо бөх, уулын дугуй, ширээний теннис, байт харваа, гандбол, таеквондо, спорт бүжиг гэх 23 төрөлт тэмцээнээр явагдаж байна.