ӨМНӨГОВЬ: Цөлжилт бол өөрчилж болох эрсдэл гэдгийг ойлгуулах нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-06-19 09:55:43

Даланзадгад /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицох, цөлжилтийг сааруулах, өмнөд говийн бүсийн экосистемийн судалгаа, хамгаалал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2023 оны 6 дугаар сарын 16-нд Даланзадгад хотод зохион байгууллаа.

 

Жил бүрийн 6 дугаар сарын 17-ныг Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-аас шийдвэрлэжээ.

 

Энэхүү өдрийг тохиолдуулан БОАЖЯ, Өмнөговь аймгийн ЗДТГ, “Оюу толгой” ХХК, ШУА-ийн харьяа Газарзүй, геоэкологийн хүрээлэн хамтран эрдэм шинжилгээний бага хурлыг хийлээ.

 

Тус бага хурлын үеэр бодлого боловсруулагчид, их сургууль, шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэн судлаачид, уул уурхайн төлөөлөл, төрийн бус байгууллагууд зэрэг 150 гаруй хүмүүс оролцож, “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн талаарх бодлого, өнөөгийн төлөв”, “Байгаль орчин, нийгэмд гарч буй үр дагавар”, “Хамгаалал, дасан зохицох” уур амьсгалын өөрчлөлт Монгол оронд цөлжилт, газрын доройтлыг бууруулах арга хэмжээний тухай нэг гараг, нэг эрүүл мэнд, биологийн олон янз байдлын алдагдал, Өмнөговь аймгийн цөлжилтийн төлөв байдал зэрэг дэд сэдвүүдийн хүрээнд олон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ.


 

"Оюу толгой" ХХК-ийн Байгаль орчны асуудал хариуцсан менежер Т.Самданжигмэд:

Энэхүү цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж байна. Оюу толгой компани 2018 оноос хойш Өмнөговь аймгийн ЗДТГ, БОАЖГ-тай цөлжилтийн чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Эрдэм шинжилгээний цуврал энэ хурлуудаар дамжуулан Өмнийн говьд хийж байгаа судалгаа шинжилгээний ажлуудыг олон нийтэд хүргэх, үр дүнг нь амьдрал практикт нэвтрүүлэх, цаашлаад шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэх зорилготойгоор анх зохион байгуулсан. Энэ жил цөлжилтийн өдрийг “Түүний газар-түүний эрх“ уриан дор зохион байгуулж байна.

Энэ нь хүйсийн тэгш байдлын асуудлыг хөндөж байгаа юм. "Оюу толгой" компанийн хувьд цөлжилт газрын доройтлын чиглэлээр маш олон ажил хийдэг. Нэн тэргүүнд газрын нөхөн сэргээлтийн ажлыг зохион байгуулдаг. Мөн хуулиар хүлээсэн үүргээсээ гадна маш олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Жишээ нь энэхүү эрдэм шинжилгээний хурал юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин "100 сая мод" хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд мод, бут тарихаар хязгаарлахгүй цөлжилтийг бууруулах нөхөн сэргээлтийн чиглэлээр ажлууд давхар хийнэ. Энэ чиглэлээр ч шат дараатай ажлууд хийж байгаагийн нэг нь Өмнөговь аймгийн мод үржүүлгийн газруудыг шинээр байгуулах, зүүн бүсийн Цогт-Овоо сумын сум дундын ойн ангид жилдээ 500 мянган ширхэг тарьц суулгац үйлдвэрлэж гаргах хүчин чадалтай бүрэн механикжсан мод үржүүлгийн газрыг барьж өгөхөөр ажиллаж байна.

Мөн үүнтэй адил 250 мянган ширхэг тарьц суулгац тарьж ургуулах хүчин чадал бүхий мод үржүүлгийн газрыг Ханбогд суманд байгуулахаар төлөвлөж байна. Энэ ондоо багтаад Манлай, Баян-Овоо, Сэврэй суманд ч мөн мод үржүүлгийн газруудыг байгуулна. Энэ удаагийн зохион байгуулж байгаа үйл ажиллагааны нэг онцлог ажил бол үзэсгэлэн, номын худалдаа юм. Говь гэхээр ихэвчлэн гадны иргэд ямар ч амьтан ургамалгүй цөл гэж ойлгодог. Гэтэл Монголын говь бол биологийн олон янз байдлаар маш баялаг, хөхөгчин амьтан, шавьж хорхой, ургамал гэх мэт. Тиймээс "Оюу толгой" компанийн байгаль орчны мэргэжилтнүүдийн олон жилийн хугацаанд авч баяжуулсан говийн ургамал ногоо, ховор ан амьтан зэргийн зургийг энэхүү өдөрлөгийн үеэр үзэсгэлэн болгон дэлгэж байна. Гол зорилго нь хуралд оролцож байгаа хүмүүст говийн байгалийн онцлогийг сурталчлан таниулах юм. Үүнийг таньж мэдсээр эдгээр байгалийн баялгийг хайрлаж хамгаалах мэдлэг мэдээлэлтэй болох зэрэг олон талын ач холбогдолтой.


Говийн бүсийн газар нутгийн 97,6 хувь цөлжилтөд өртсөн бол 7,2 хувийг заган ой эзэлдэг.


Өмнөговь аймгийн БОАЖГ-ын дарга Х.Отгонмөнх:

Уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицох, цөлжилтийг сааруулах, өмнөд говийн бүсийн экосистемийн судалгаа, хамгаалал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд Өмнөговь аймгийн 15 сумын БО-ны байцаагч, байгаль хамгаалагч нар оролцож байна. Цөлжилтыг хэрхэн буруулах, хэрхэн дасан зохицох вэ? зэрэг тодорхой чиглэлүүдээр судалгаа хийдэг мэргэжилтнүүд, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаагаараа хурлын ач холбогдол өндөртэй. Өмнөговь аймаг нь цөлжилтөд 97,6 хувиар өртсөн байна. Ган зуд, байгалийн эрсдэлт байдал, уур амьсгалын өөрчлөлт цөлжилтын байдал жил бүр давтамж нь улам л ойртож байна. Тэгэхээр бид ийм байлаа гээд нүүгээд явахгүй нөхцөл байдалтай зохицож амьдрах хэрэгцээ шаардлага тулгарна. Сүүлийн жилүүдэд агаарын чийглэг байдал маш муу байгаа. Энэ цаг агаарын энэ их өөрчлөлтөд хувь хүн хэрхэн оролцох вэ гэдэг их чухал. Ядаж хашаандаа нэг мод тарих хэрэгтэй. Төв суурин газраа цэцэрлэгт хүрээлэнг нэмэгдүүлэх зэргээр агаарын чийгшлийг нэмэгдүүлэх чиглэлээр жижиг зүйлээс эхлэх ёстой. Өмнөговь аймгийн хэмжээнд Говь ус хөтөлбөр, Биологийн олон янз байдлыг хамгаалах, Хог хаягдлын менежмент гээд  хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Хамгийн үр дүнтэй  хэрэгжиж байгаа нь Тэрбум хөтөлбөр байна. Төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна говийн унаган тоорой, сухай, заган ойгоо нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна. Мөн хөв цөөрөм байгуулахаар 8 зураг гаргасан одоогоор 3 цөөрмийг байгуулсан. Ерөнхийдөө мод тариалж уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтыг бууруулахаар мод тариалсан иргэдээ урамшуулж 13500 төгрөгний мөнгөн урамшуулалыг орон нутгийнхаа төсвөөс олгож байгаа нь энэхүү ажлыг эрчимжүүлэхэд их үр дүнгээ өгч байгаа ажил юм. Энэхүү хурлаас анхаарч ажиллах чиглэлээр ажлын жагсаалт гарч ирнэ. Тиймээс цаашдаа 2024 оныхоо ажил бодлого зохицуулалтад оруулж шинэ санал санаачлагаа нэмээд ажиллана.

 

БНХАУ-ын буцалтгүй тусламжын хүрээнд Монгол Улсад цөлжилтийг ажиглах төв байгуулагдана.     /БОАЖЯ-ны мэргэжилтэнС. Баярцэцэг/


 

Холбоотой мэдээ