СЭЛЭНГЭ: Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-15 16:21:20

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2022 онд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 99 бүртгэгдэж, 28.6 хувиар нэмэгдсэн байна. 

 

Эдгээрийн дотроос хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг 59 бүртгэгдэж 25.5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ажээ.

 

Иймээс Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран энэ сарын 12-ны өдөр хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.

 

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг сайжруулах зорилго бүхий дээрх хэлэлцүүлгийг “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зам” сэдвийн хүрээнд зохион байгуулжээ.

 

Хэлэлцүүлгийн гол утга нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд орон нутаг дахь төрийн байгууллагуудын зүгээс хэрхэн анхаарал хандуулж ажиллах талаар хэлэлцсэн байна.   

 

Хэлэлцүүлэгт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын баг, Сэлэнгэ аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд, Ерөө, Хүдэр, Орхонтуул, Мандал сумын ИТХ-ын дарга болон албаны бусад хүмүүс оролцжээ.  

 

 

 

Холбоотой мэдээ