“Galaxy Note 7”-той холбоотойгоор “Samsung”-ийн хувьцааны ханш унаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-09-12 13:03:38

СӨҮЛ. /АР/. Шинэ бүтээгдэхүүн  нь болох “Galaxy Note 7” ухаалаг гар утас дэлбэрсэн тохиолдол нэг бус удаа гарсантай холбогдуулан “Samsung” корпораци үүнийг ашиглахгүй байхыг, хэдийн худалдан авсан хүмүүст төхөөрөмжөө солиулан авахыг уриалсны дараа тус компанийн хувьцааны ханш өнөөдөр сүүлийн хоёр сарын хугацаан дахь доод түвшинд хүрч унажээ.

Өмнөд Солонгосын тус компанийн хувьцааны ханш өнөө өглөө 5 гаруй хувиар унасан байна.

Цэнэглэж байхад болон цэнэглэсний дараа “Galaxy Note 7”  гар утас дэлбэрсэн гэх мэдээллүүд гарсантай холбогдуулан тус компани өнгөрсөн долоо хоногт 2.5 сая гар утсаа зах зээлээс эргүүлэн татсан юм.

АНУ-ын холбогдох албаны хүмүүс энэ гар утсыг онгоцонд цэнэглэж, ашиглахгүй байхыг зорчигчдод анхааруулсан билээ. Мөн өөр хэд хэдэн улсын иргэний агаарын тээврийн компаниуд нислэгийн үеэр уг гар утсыг ашиглахыг хориглоод байгаа юм.

Есдүгээр сарын 19-нөөс өмнө хүлээлгэн өгсөн бүх гар утсыг сольж өгөхөө “Samsung” мэдэгдсэн билээ.

“Galaxy Note 7”–г өнгөрсөн сард худалдаанд гаргасан бөгөөд  ерөнхийдөө хэрэглэгчдийн таашаалд нийцэж байсан юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ