Монгол, Эстонийн ГХЯ хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-06-14 07:50:58
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Эстони Улсын Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн гуравдугаар зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.


Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Европын газрын захирал Г.Баттунгалаг, эстонийн талаас Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Матти Мурд нар тэргүүлэв.


Зөвлөлдөх уулзалтаар Монгол, Эстонийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, чингэхдээ цахим засаглал, мэдээллийн технологи, эдийн засаг, соёл, аялал жуулчлал зэрэг олон салбарт идэвхжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.


Тухайлбал, талууд дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал хэрэгжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, эдийн засаг, соёл, зам тээвэр зэрэг харилцан сонирхсон салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бизнес хоорондын хэлхээ холбоог дэмжихээ нотоллоо.


Мөн олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтран ажиллахаар тохирлоо.

Холбоотой мэдээ