БАЯНХОНГОР: Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Гансу мужийн Жючуань хотын Хөдөө аж ахуйн технологи нэвтрүүлэлт үйлчилгээний төвийн удирдах ажилтнууд Баянхонгор аймагт ирж хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч байна.
Баянхонгор сумын Засаг дарга Жючуань хотын даргатай байгуулсан гэрээний дагуу БНХАУ-ын Жючуань хотын Тамгын газар, тус хотын Гадаад харилцааны алба, Хөдөө аж ахуйн технологийг сурталчлах үйлчилгээний төв, Ойн жимсний үйлчилгээний төвд нарны хүлэмжийн технологи, органик бордоо боловсруулах технологи, ой мод тарих тенологи гэсэн гурван чиглэлээр техникчдийг бэлтгэсэн.
Тус аймагт хүлэмжийн аж ахуй эрхлэх сонирхолтой иргэдтэй хамтран аймгийн төвд 100 ширхэг хүлэмжийг барьж, нарны болон нуман хүлэмжийн бүтэц болоод ургамлыг экологийн хөрсгүй тариалах, үрслүүлэх, суулгац ургуулах, арчилгаа тордолгоо, хүнсний ногооны хортон шавьж, өвчлөлөөс хэрхэн сэргийлэх, тоног төхөөрөмжийг байршуулах, бордоогоор хангах, ургац хураалт, тээвэрлэлт, хадгалалт зэргийг хийх юм. Тус ажлыг хэрхэн хийх талаар мэдээлэл өгч хамтран ажиллахаар БНХАУ-ын Жьючуан хотын Хөдөө аж ахуйн технологи нэвтрүүлэлт үйлчилгээний төвийн дарга, технологи нэвтрүүлэлтийн судалгааны төвийн ахлах агрономич Жан Гүе Сэн, Жьючуан хотын Хөдөө аж ахуйн технологи нэвтрүүлэлт үйлчилгээний төвийн тасгийн эрхлэгч, ахлах агрономич Ма Вэй Чан, Жьючуан хотын Хөдөө аж ахуйн технологи нэвтрүүлэлт үйлчилгээний төвийн агрономич Мао Гүе Вэй, Сүбэй мужийн засгийн газрын Гадаад харилцааны албаны нарийн бичгийн дарга Сүхбаатар нар Баянхонгор аймагт ажиллаж байна.
Ийнхүү аймгийнхаа хөрсөнд тарьсан хүнсний ногоо, жимс жимсгэнээ хэрхэн нутагшуулж өөрийн аймгийн газар зүйн байдал хөрс, ургамалд тохирсон тариалан эрхлэх, түүнтэй уялдуулан өөрийн нөөц бололцоогоор шинэ төрлийн хөрс бордоог гарган авах техник технологийн талаар хүлэмжийн аж ахуй эрхлэгчид мэдээлэлтэй болж байна.
Хүлэмжийн аж ахуйн талбайд гүн өрмийн худаг хоёр ширхэг, 3.5 га талбайг хашаалж, стандартын шаардлага хангасан эко жорлон, таван тоннын дөрвөн ширхэг усны нөөцийн савыг байршуулсан бөгөөд 380 вольтын 300 метр цахилгаан шугам сүлжээг мөн оруулаад байгаа аж.