СҮХБААТАР: Хүүхдүүд усанд сэлж сурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-06-07 10:19:04

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын 400 гаруй хүүхэд усанд сэлж сурч байна.

Тодруулбал, тус сумын ИТХ-аас хүүхэд, багачуудыг усанд сэлж сургах, усан спортын ач холбогдлыг таниулах, цаашлаад энэ спортоор хичээллэх боломжийг олгох зорилгоор “Би сэлж сурлаа” нэг сарын аяныг амжилттай хэрэгжүүлж байна. Үүнд 15 сая төгрөгийг төсөвлөсөн бөгөөд хамрагдах хүүхдүүдийг ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн гуравдугаар ангиас дээш бүх бүлгээс түүврийн аргаар сонгожээ. Мөн МСҮТ болон Насан туршийн боловсрол төвийн суралцагчид ч хамрагдсан байна. Сонгогдсон хүүхдүүд эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамрагдан, тодорхой цагийн хуваарийн дагуу мэргэжлийн багшийн удирдлага дор хичээллэж байна.

Хүүхэд усанд сэлж сурна гэдэг энгийн зүйл мэт боловч цаагуураа маш их ач холбогдолтой. Биеийн өв тэгш хөгжил, эрүүл мэнд гоо сайхны гээд олон талын үр ашигтай. Анх удаа хэрэгжүүлж буй аянд хүүхдүүд маш сайн хамрагдаж байгаа. Дахиад хамрагдах хүсэлтэй хүүхдүүд ч их байна. Тиймээс ирэх жилийн төсөвт дахин мөнгө суулгаж, аянаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэж Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Т.Ихбаяр ярилаа.  

 

Холбоотой мэдээ