Бангладешийн үйлдвэрт гал гарсны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-09-10 13:02:59

ДАККА. /ВВС/. Бангладешт сав, баглаа боодлын үйлдвэрт бойлуур дэлбэрсний улмаас наад зах нь 15 хүн амиа алджээ.

Цагдаа нарын хэлснээр, тус улсын Тонги хотын дөрвөн давхар үйлдвэрт дэлбэрэлт болох үед 100 орчим хүн ажиллаж байжээ.

Мөн дэлбэрэлтийн улмаас 50 орчим хүн гэмтэж бэртсэн аж.

“Одоогоор 15 хүн амь эрсэдсэн нь тогтоогдоод байна. Гэхдээ галыг нэн даруй унтрааж чадаагүй учир  олон хүн утаанд хордсон. Амь эрсэдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй” гэж цагдаа нар хэллээ.

Бангладешт аюулгүй орчинд ажиллах нөхцлийг хангаж чадаагүйн улмаас үйлдвэрт гал, осол гарах нь түгээмэл байдаг.

Тухайлбал, өнгөрсөн онд нийслэл Дакка хотын хуванцар эдлэлийн үйлдвэрт гал гарсны улмаас 13 хүн амиа алдаж байсан бол 2012 онд тус хотоос холгүй орших нэгэн үйлдвэрт гал гарсны улмаас 112 ажилтан амь эрсдэж байсан юм.

Мөн 2013 онд Дакка хотын захын дүүрэгт орших “Rana Plaza” хувцасны үйлдвэр нурсны улмаас 1135 хүн амиа алдаж байсан билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ