ХОВД: Л.Цэнджаргал: Дөрвөд угсаатны дээл урлахдаа уламжлалт хэв шинжийг баримталдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-30 14:11:26

Жаргалант /МОНЦАМЭ/. "Соёлын сэргэлт-2023" аяны хүрээнд Ховд аймагт уламжлалт идээ, ундааны соёл болон уламжлалт гар урлалын бүтээгдэхүүнийг онцолж үзэсгэлэн гаргалаа.

Энэ хүрээнд 5 дугаар сарын 29-нд гар урлалын бүтээлээ нийтэд танилцуулсан 15 иргэн байв. Тэдний нэг бол Дөргөн сумын Сээр багийн малчин Л.Цэнджаргал.

Тэрбээр 67 настай. Дөргөн суманд амьдарч, мал маллахын зэрэгцээ дөрвөд угсаатны дээл урлаж байна.

Л.Цэнджаргал гуай сүүлийн 12 жилийн хугацаанд дөрвөд угсаатны дээлийг уламжлалт (натур) хэв шинжээр нь урлаж буй.

Монгол угсаатны дээл хувцас нь содон төрх, ур хийцээрээ тэр омог отгийнхоо нэрийг хадгалан өөртөө тохирсон бэлгэдлийг шингээсэн байдгаараа бусдаас ялгарна. Хүн хэдэн настай, ямар угсаатан болох нь хувцаснаасаа танигддаг байжээ.

Л.Цэнджаргал гуай  хэлэхдээ, "Буурал ээж (эмээ) минь анх дөрвөд угсаатны дээл оёх аргыг зааж өгсөн. Анхны дээлийг оёж байхдаа "учиг бүхэн учиртай" гэдэгчилэн өвөг дээс маань оёж буй дээлэндээ ухаанаа шингээдэг байсныг ойлгож, биширч билээ. Миний хувьд нэг дээл оёход нэг сар орчим хугацаа зарцуулж байна. Ялангуяа дөрвөд эмэгтэй дээл хийхэд нарийн ажиллагаа ордог. Хамгийн гол нь дөрвөд угсаатны дээл урлахдаа уламжлалт хэв шинжийг нь хадгалж, загвар, хэв маяг, гоёл чмэглэл,  хатгамлыг нь өөрчлөхгүй байхыг хичээдэг" гэв.

Мөн тэрбээр дөрвөд угсаатны дээл оёх аргыг сонирхсон эмэгтэйчүүдэд зааж, зөвлөмж яваа бөгөөд сумынхаа удирдлагуудтай уулзаж угсаатны дээл хувцасны хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг тогтмол уриалж байна.

Үүнээс гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан дөрвөд угсаатны дээлийн онцлогийг танилцуулах, гар урлалын анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай тэрбээр хэллээ. 

Сонирхуулахад, Дөргөн сумынхан шинээр өрх тусгаарлаж буй залуу гэр бүлийг заавал дөрвөд угсаатны хос дээлтэй болгох зорилт дэвшүүлсэн байна. Хуримын үеэр эцэг эхчүүд нь угсаатны хос дээл бэлтгэн өгөх уламжлал, уриалга гаргаад 2-3 жилийн хугацаа болж байгаа тухай Л.Цэнджаргал гуай онцоллоо.

Энэхүү уриалга нь угсаатны уламжлалт хувцасны хэрэглээг нэмэгдүүлэх, дээлд агуулж буй утга учрыг залуу үеийнхэн танин мэдэх боломж бүрдүүлэх давуу талтай аж.

Ховд аймгийн Дөргөн сумын хүн амын 80 гаруй хувь нь дөрвөд угсаатан юм. Өнгөрсөн онд тус сумынхан дөрвөд угсаатны өв соёлын наадам зохион байгуулж байсан.

 

 

Холбоотой мэдээ