СЭЛЭНГЭ: “Сова” ХХК-ийн лицензийг цуцаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-30 09:06:20

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Сова” ХХК нь “Хөтөл-1” ордын 5 сая тонн шохойн чулууны нөөц бүхий талбайгаас 2015 онд “хайрга, дайрганы лиценз” нэрээр тасдаж авчээ.  

 

Энэхүү шийдвэрийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж энэ сарын 29-ний өдрийн захирамжаараа эцэслэн цуцаллаа.  

 

Уг лицензийг эсэргүүцэж “Цемент Шохой” ТӨХК-ийн удирдлагын баг, 800 гаруй ажилчид, Хөтөл хотын 2000 орчим иргэн хөдөлгөөн өрнүүлж, гарын үсэг цуглуулсан хүсэлтийг өгөөд байсан аж.

 

Ийнхүү цуцалснаар Хөтлийнхөн үйлдвэртээ хөрөнгө оруулалт татах, шинээр барих шохойн үйлдвэрийнхээ ажиллах хугацааг 18 жилээр сунгах. Цаашлаад 28 жил тасралтгүй ажиллах нөөцтэй болох боломж бүрдэж байгаа аж.

 

Энэ талаар тус үйлдвэрийн захирал Л.Наранбаатар “Одоо бид хуулийн дагуу АМГТГ-т өргөдөл өгч, 1981 онд хайгуул хийж, нөөц тогтоосон талбайгаа эргүүлэн авах ажлыг өрнүүлнэ. Манай үйлдвэрийн төлөө, Хөтөл хотын төлөө, Сэлэнгийнхэн, ард түмнийхээ талд шийдвэр гаргасан аймгийн Засаг дарга Нацагдоржийн Лхагвадорж танд баярлалаа.

 

Энэхүү тэмцэлд сэтгэл зүрхээрээ хамт байж, гарын үсэг зуран нэгдсэн үйлдвэрийнхээ хамт олонд, Хөтөл хотын иргэд, Сайхан сумын үйлдвэрчний эвлэл (дарга н.Батсайхан)-д баярлалаа. Дараа дараагийн сорилтуудад хамт байж, үр дүн гаргана” хэмээв.

Холбоотой мэдээ