СЭЛЭНГЭ: “Илүү их уншъя” уриан дор номын баярыг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-21 16:44:39

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 33 дахь жилдээ тэмдэглэж буй “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” үйл ажиллагааг Сэлэнгэ аймаг “Илүү их уншъя” уриан дор зохион байгууллаа.

 

Энэхүү “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг хууль тогтоомжоор баталгаажуулан өргөн хүрээнд утга агуулгаар баяжуулж, өндөр ач холбогдол өгөн тэмдэглэх болсны 3 дахь жил тохиож байна.

 

Номын сан, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран олон талын оролцоотой тэмдэглэдэг болсон нь номын соёл түгэн дэлгэрэх, хүүхэд залуусыг номд дуртай болгон хүмүүжүүлэх, зохиолчдын оюуны хөдөлмөрийг үнэлэхэд үр дүнгээ өгч буй юм.

 

Баярын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, МУИС-ийн Номын сангийн захирал, доктор, дэд профессор Г.Цэрэн, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Оюун нар оролцлоо. Мөн Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт арга зүйн удирдлагаар хангагддаг 66 номын сан байдаг. Эдгээр байгууллагуудын номын санчид оролцлоо.

 

Ч.Ундрам: Цаашдаа номын санч багш юм гэдэг чиглэл рүү нь харж ажиллах ёстой юм байна

 

Баярын үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам “2020 онд УИХ-ын гишүүн болоод нийтээр тэмдэглэх баяр наамдын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад энэхүү номын баярыг жилд 2 удаа улс орон даяар тэмдэглэдэг болох санаачилгыг гаргасан. Ингээд 2021 оноос энэ хуулийг батлуулж, өнөөдөр үр дүнгээ хараад зогсож байгаадаа баяртай байна.

 

Одоо үеийн хүүхдүүд номоос бага багаар холдож, илүү цахим ертөнц рүү шилжиж байна. Ийм үед бид хүүхдүүдээ илүү их ном уншдаг, хэрэглэдэг. Тэднийг ном уншдаг болж төлөвших, ирээдүйд шаардлагатай байгаа мэдлэг, мэдээллээ номын сан орж, номоос олж авдаг болоосой. Мөн номоор дамжуулан соёл урлаг, гоо зүйн ертөнцөд илүү ойртдог болоосой гэж бодож энэ хуулийг санаачилсан. Энэ бүхнийг бид хүүхэд байхаас нь эхлэн төвөлшүүлж, явах ёстой, үүрэгтэй хүмүүс. Иймээс хуулийн хүрээнд улс орон даяар, амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг болъё, өндөр ач холбогдол өгдөг байя гэж батлуулсан байгаа.

Миний хувьд энэ удаагийн баярыг аймгийн Засаг дарга, нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн Нийтийн номын сан, хүүхэд багачууд та нартайгаа хамтраад тэмдэглэж байгаадаа баяртай байна.

 

Саяхан би боловсролын салбарын статистик тоон мэдээтэй танилцсан. Энд 1-5-р ангийн хүүхдүүдийн унших чадварыг түүвэрлэн судалж шалгасан байна. Энэ шалгалтаар манай Сэлэнгэ аймгийн хүүхдүүд 21 аймгаас 10-т жагссан байна. Хамгийн гол нь хурдтай уншихдаа бус уншсан юмаа хэр ойлгож байна. Түүнийгээ задлан шинжлээд дүгнэлт гаргаж чадаж байна уу гэдэг дээр тулгуурлан шалгасан байна. Тэгэхээр бид үүн дээр арга хэмжээ авч, нэлээд ажиллах шаардлагатай юм байна гэж би бодсон.

Миний зүгээс баярын өмнөхөн ном унших чиглэлээр гадаад, дотоодын зөвлөхүүдтэй уулзаж үзлээ. Зөвлөхүүдийн хэлж буйгаар 1-5-р ангийн хүүхдүүд ямар ном уншвал тэр хүүхдүүдийн үгийн санд нь илүү ойрхон, ойлгомжтой байх юм. Мөн сургалтын хөтөлбөрт аль аль номыг оруулж өгвөл илүү уялдаатай байх юм. Тэр номыг хэрхэн уялдуулж заах юм гэдэг судалгааг боловсруулаад хөтөлбөр гарган ажиллаж байгаа. Яваандаа энэ хөтөлбөр бэлэн болохоор та бүхэндээ ирж танилцуулъя гэж бодож байна.

 

Мөн ЕБС дээр гадаадын жишгээр номын санч бол зөвхөн номын санч биш. Номын санч-багш гэдэг албан тушаалаар ажилладаг юм байна. Тэгэхээр бид нар ч гэсэн цаашдаа боловсролын хуульд ч гэсэн номын санч багш юм гэдэг чиглэл рүү нь харж ажиллах ёстой юм байна гэж бодож байгаа.

 

Хүүхдүүдээ бүр багаас нь номыг хэрхэн унших, уншсан зүйлээ хэрхэн ойлгох вэ гэдэг дээр илүү анхаарч одооноос ажиллаад явах юм шиг санагдлаа. Хүүхдүүд олж авсан мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлдэг, шинээр мэдлэг олж авдаг тийм хэмжээний хүмүүсийг бэлтгэх юм байна.

 

Боловсролын салбар дээр бидний гаргасан нэг алдаа бол аль болох хурдан уншуулах гээд л минутад хэдэн үг унших вэ гэдгээр хэмжиж ирсэн. Ойлгож байгааг төдийлөн анхаарч байгаагүй. Юм бичүүлэхдээ цэвэрхэн гоё бичиж байна уу гээд л хараад байснаас ойлгосноо бичиж буй тал дээр төдийлөн бас анхаарч байгаагүй талаар олон улсын байгууллагын дүгнэлт гарсан байна.

 

Нэг үгээр хэлбэл агуулгаас илүү хэлбэрийг анхаардаг, хуулбарлагч ард түмнийг бэлтгэж байна гэсэн аюултай дүгнэлт гарсан байна лээ. Тэгэхээр бид хуулбарлагч биш, бүтээгч ард түмнийг бэлтгэхийн тулд номыг уншаад ойлгодог, задлан шинжилдэг, түүн дээрээ дүгнэлт гаргаад өөрийнхөө үг, үсэг болгоод өөрийнхөө санаа болгож бичдэг ийм бүтээлч ард түмнийг бэлтгэхийн тулд номын санч нартайгаа маш сайн ажиллах ёстой юм байна гэдгийг тэр дүгнэлтээр харуулж өгч байна” хэмээн ярилаа.

 

Г.Цэрэн: Аливаа улс орны хөгжилд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг бол номын сан байдаг юм байна

 

-МУИС-ийн Номын сангийн захирал, доктор, дэд профессор Г.Цэрэн урилгаар оролцлоо. Тэрбээр МУИС-ийн номын санг маш хүнд нөхцөлд байсан үед нь багшийн ажлаа орхин, гардан авч, дэлхийн жишигт хүргэжээ. Тэрбээр номын санчдад “Орчин үеийн номын сангийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр мэдээлэл өглөө.

“Тэрбээр аливаа улс орны хөгжилд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг бол номын сан байдаг юм байна гэдгийг би өнгөрсөн багагүй хугацаанд энэ гэгээлэг орчинд ажилласныхаа үр дүнд хэлмээр байна.

Хүний оюун ухаан хөгжиж байна. Улс орон маань ч хөгжинө. Энэ салбарыг хөгжүүлэхэд хамгийн гол нь номын санч нарын үүрэг оролцоо маш чухал. Цаашид нийгмийн байдал, хөгжүүлэх, хүний нөөцийн чадавх гээд олон талд дээр анхаарах шаардлагатайг та бүхэн мэдэж байгаа” хэмээн хэлсэн.

Холбоотой мэдээ