Башар Асад бүс нутгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Жиддад хүрэлцэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-05-19 13:51:03

ЭР-РИЯД. /АР/. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад бүс нутгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Саудын Арабын Жидда хотод пүрэв гарагт хүрэлцэн иржээ.


Тэрбээр 2011 онд Сирид зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш газрын тосоор баялаг энэхүү улсад анх удаа айлчилж байгаа бөгөөд Арабын ертөнцөд эргэн ирж буйнх нь баталгаа болж байна. 


Баасан гарагт эхэлж байгаа Арабын улсуудын холбооны /АУХ/ орнуудын дээд хэмжээний уулзалтад Б.Асад оролцож буй нь 12 жил тасалдсаны дараа харилцаагаа хэвийн болгох чухал алхам болж байна. Сирийн удирдагч эрх мэдлээ хадгалахын тулд Арабын бус холбоотнууд болох Иран, Оростой түншилж байсан юм.


Саудын Арабын Жидда хотноо хуран цуглаж буй 22 гишүүнтэй АУХ нь Сирийн гишүүнчлэлийг саяхан сэргээсэн бөгөөд нэгэн цагт бүс нутагтаа "цөлөгдсөн хүнд" тооцогдож байсан Б.Ассадыг эгнээндээ ийнхүү эргүүлэн нэгтгэж байна. Сирийн Ерөнхийлөгчийг өнгөрсөн долоо хоногт дээд хэмжээний уулзалтад албан ёсоор урьжээ. 


Б.Асадыг АУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Абул Гейт, ариун Мекка хотын дэд захирагч хунтайж Бадр бен Султан болон хэд хэдэн албаны хүмүүс угтан авсан байна. 



Холбоотой мэдээ