СЭЛЭНГЭ: Аксесс тэтгэлэгт хөтөлбөрт нийт 32 сурагч хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-18 13:04:12

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2022-2024 онд хэрэгжиж буй Аксесс тэтгэлэгт хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа Сэлэнгэ аймагт энэ сарын 13-ны өдөр боллоо.

Энэхүү хөтөлбөр нь АНУ-ын ЭСЯ-ны санхүүжилтээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд хэрэгжиж байгаа бөгөөд 32 сурагч хамрагдаж байна. 

Англи хэлний Аксесс бичил-тэтгэлэгт хөтөлбөр нь АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал хариуцсан товчооны санхүүжилтээр хэрэгждэг, амьжиргааны түвшин доогуур өрхийн англи хэл сурах хүсэл эрмэлзэл, авьяас сонирхолтой хүүхдүүдэд хичээлийн дараах болон эрчимжүүлсэн сургалтаар мэдлэг чадвар олгох зорилготой хоёр жилийн хугацаатай аж.  

Тус хөтөлбөрөөр сурагчид англи хэлний мэдлэг чадвар эзэмшсэнээр цаашид өрсөлдөх чадвар эзэмших, АНУ-д суралцах болон солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжуудтай танилцдаг байна.

Монгол Улсад Аксесс бичил-тэтгэлэгт хөтөлбөрийг АНУ-ын ЭСЯ-наас хэрэгжүүлдэг бөгөөд 2006 онд анх хэрэгжиж эхэлжээ.

Төслийн нээлтийн ёслолд Бүс нутаг хариуцсан мэргэжилтэн Скот Чивэртон, AНУ-ын ЭСЯ-ны Англи хэлний хөтөлбөрийн зохицуулагч Т.Алтанцэцэг, Булган аймагт ажиллаж буй Англи хэлний багш Шериф Исмайл, аймгийн Боловсролын газрын дарга Ч.Алтантуяа, Гадаад хэлний мэргэжилтэн Э.Энхмаа нар болон сургуулиудын удирдах ажилтан, багш нарын төлөөлөл, эцэг эх асран хамгаалагчид оролцлоо.

Холбоотой мэдээ