Арьс ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид жилд нэг сая хос гутал үйлдвэрлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-17 11:30:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Зээлийн батлан даалтын сан, "Хөгжлийн шийдэл" ТББ хамтран “Гутал үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн” зохион байгуулж, дотоодын зах зээлийг хамгаалах, 3 сая хос гутал үйлдвэрлэх, импортыг орлох гарц, шийдлийг хэлэлцэж байна.


ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхөлөг зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цогцолборыг Дархан-Уул, Ховд аймагт болон Эмээлтэд байгуулж байгааг дурдаад, “Арьс ширний салбарын үйлдвэрийн борлуулалт 5.2 сая ам.долларт хүрч, жилээс жилд нэмэгдэж байгаа. Цаашид арьс ширний гүн боловсруулалтын түвшинг 60 хувьд хүргэж, экспортыг нэмэх, нэмүү өртөг шингэсэн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. Нүүдлийн мал аж ахуйн онцлогтой, түүхий эдийн нөөцтэй, эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд гутлын үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх нь ДНБ-ийг нэмэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлого, төрлийг нэмэх зэрэг нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой”-г тэмдэглэв.


Манай улсад жилд бэлтгэж буй 10 орчим сая арьс ширэн түүхий эдийн 60-70 хувь буюу 5-7 сая ширхэг арьс ширийг үйлдвэрүүд худалдан авч, 30 гаруй хувийг нь гүн боловсруулж, 60 гаруй хувийг нь хагас боловсруулдаг. Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрүүд жилд нэг сая хос гутал үйлдвэрлэж байна.  


Малын арьс сайн байхын хэрээр сайн гутал үйлдвэрлэнэ. Харамсалтай нь, арьс ширний 80 хувь нь гэмтэлтэй. Малын янз бүрийн өвчин эмгэг, хачиг хувалзаас гадна нядалгаа, бойн үеэр арьсыг гэмтээхгүй өвчихөд анхаарах хэрэгтэйг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж онцолж байлаа. Тэрбээр, “ЖДҮ дэмжих зээлд арьс ширний үйлдвэрүүдийг хамруулж байгаа. Банкны шалгуур хангахгүй асуудал гардаг тул аж ахуйн нэгжүүд санхүүгийн чадамжийг сайжруулахад хамтран ажиллах боломжоо ярилцах байх. Өнгөрсөн онд гутал үйлдвэрлэдэг 8 аж ахуйн нэгжид 7.1 тэрбум төгрөгийн зээл олгосон. Салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тэр дундаа хөнгөн үйлдвэрийн салбарыг илүү тодотгож хуульчлах шаардлага бий. Импортоор гутал оруулж ирэхэд татвараа бүрэн төлдөггүй. Харин арьс ширний үйлдвэрийн тоног төхөөрөмж, түүхий эдийг гаалиар оруулж ирэхэд, мөн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлээд, 4-5 төрлийн 40-50 хувийн татвар төлдөг учир хямд зарж чаддаггүй. Иймд гаалийн НӨАТ-ыг хөнгөлөх талаар ярилцаж байгаа” гэв. 


Монгол Улсад 1934 оноос “Аж үйлдвэрийн комбинатын цогцолбор” байгуулснаар арьс ширний салбарын суурийг тавьжээ. Одоогоор арьс шир, ноос, ноолуур боловсруулах 34 үйлдвэр үйл ажиллагаа явуулдгийн гурав нь орон нутагт бий. Үүний зэрэгцээ арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 120 гаруй жижиг, дунд үйлдвэр нийслэл, орон нутагт ажиллаж байна. Үндэсний боловсруулах үйлдвэрүүд 140 тэрбум төгрөгийн 7.5 сая арьс шир худалдан авч борлуулан, нэг сая хос гутал, нэг сая гаруй савхин бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 150-иад тэрбум, нийт салбарын хэмжээнд 290 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулсныг МАШҮХ-ны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан хэлж байлаа.

Холбоотой мэдээ